Христмас баярын жигнэмэг

December 3, 2009
Жич: 250 гр-ын аягаар хэмжээрэй

Орц:
-1 аяга хайлуулсан цөцгийн тос юмуу савтай масло
-1,5 аяга элсэн чихэр
-2 ширхэг өндөг
-1 ууттай ваниллин
-3 аяга гурил
-0,5-1 уут хөөлгөгч (“Baking powder”, “Backpulver” юмуу “разрыхлитель)
-чимх давс

Хийх арга
Цөцгийн тосоо элсэн чихэртэй хольж, крем шиг болтол нь сайтар хутгана. Дээр нь өндөг, ваниллинаа хийж хутгангаа гурил, хөөлгөгч, давс зэргийг нэмж зуурмаг бэлдэнэ.
Зуурсан гурилаа 4 хэсэг хувааж, үл ялиг хавтгайлаад тус тусад нь гялгар уутанд хийнэ. Тэгээд 1 цаг хөлдөөгчид юмуу шөнөжин хөргөгчид байлгана.
Духовкоо 180 хэм хүртэл халаана. Гурилаа элдсэнийхээ дараа жигнэмэгийн хэвээр хэвэлж (хэвний оронд стаканы юмуу лаазны амсар ашиглаж болно), тослоогүй листэн дээр 12-15 минут духовконд жигнэнэ.
 

Coca Cola сайн гэж үү?

July 20, 2009
Ганц жижиг лаазтай колад хэдэн грам сахар байдгийг мэдэх үү?

40 орчим грамм!
  • Энэ бол 10 жижиг халбага эсвэл 20 ширхэг ёотонтой тэнцэх хэмжээний сахар.

  • Xэрэв та нэг жилийн турш өдөр бүр ганц лаазтай кола уух юм бол та бараг 15 кг сахар идсэн болно.
  • Усны оронд өдөр бүр нэг лаазтай кола ууснаас болж та нэг жилийн дотор 8 кг-аар таргална.
Кола уух уу?
Та өөрөө шийд!
 

Халиартай масло

June 3, 2009
6 сарын үеэр халиар ургаж олон хүнийг баярлуулдаг!

Ta хэсэг халиарыг жижигхэн хэрчиж зөөлөрсөн маслотай хольвол талханд түрхэхэд сайхан хольц болно.
Хөрөгчинд долоо хоног хадгалах боломжтой.

 

Өвчнөөс сэргийлэх анхны арга хэмжээ

May 28, 2009
Бид эрүүл саруул байхын тулд олон зүйлийг сахих хэрэгтэй болдог. Тухайлбал: тэжээллэг сайн хоол идэж, хангалттай сайн амарч, архи уух, тамхи татахаас зайлсхийж, дасгал хийхийг хичээдэг. Гэвч, өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн наад захын арга хэмжээ таны бодсоноос энгийн байдаг. Та эрүүл байхын тулд юуны түрүүнд гараа угаах нь чухал юм! Энэ бол ханиад томуу, суулгах өвчин дэлгэрэхээс сэргийлэх нэг номерийн арга юм! Мөн байнга гараа угааж, А-гепатит буюу шар өвчин, менингит зэрэг зарим ноцтой аюулт өвчин тарахаас сэргийлж болно!!!

Таны гар бусад хүн, амьтан, хаалганы бариул мэтийн гадаргуу, мөн өөр олон газраас нян авч болно. Та нүд, хамар, амандаа гараа хүргэх үедээ нян халдаадаг.

Ханиадны вирус тээдэг хүн байлаа гэж бодъё. Тийм хүн гар луугаа ханиадаг. Тэгээд тантай гар барина. Та гараа амандаа хүргэх юмуу, нүдээ нухаад л тэр вирусыг нь авдаг!  Ийм замаар нян, вирус маш хурдан тарж болдог! Удалгүй танай гэрийнхэн бүгд ханиадтай болно!

Та хэдийд гараа угаавал зохих вэ?

  • Хоол хийх юмуу идэхийн өмнө
  • Шарх, шалбархайг эмнэхийн өмнө
  • Өвчтэй хүн асарч сувилахын өмнө
  • Нүднийхээ линзийг хийх юмуу авахын өмнө
  • Ам, нүд юмуу тэр орчимд зайлшгүй гар хүрэхийн өмнө
  • Ариун цэврийн өрөөнд орсны дараа
  • Бэлэн бус хүнс, ялангуяа түүхий маханд гар хүрсний дараа
  • Идэж уусны дараа
  • Нусаа нийж, ханиаж, найтаасны дараа
  • Хог хаягдалд гар хүрсний дараа
  • Өвчтэй хүн асарч сувилсны дараа
  • Нялх хүүхдийн жийрэг даавуу сольсны дараа, хүүхэд тосч бие засуулсны дараа
  • Тэжээвэр амьтан, ялангуяа хэвлээр явагч амьтантай тоглох юмуу, гар хүрсний дараа

Суулгах өвчин ба шулуун гэдэс, бэлгийн замын бусад халдварт өвчин тархахаас сэргийлэхийн тулд ариун цэврийн өрөөнд орсны дараа, хүүхдийн жийрэг даавууг сольсны дараа онцгой анхаарах хэрэгтэй. Мөн өндөг, тахиа, загас зэргийг бэлтгэж янзалсны дараа салмонел хэмээх нэн аюултай нян амархан тархдаг. Иймд, гал тогооны гамбанз, ширээ болон гараа сайтар угааж цэвэрлэхэд анхаар!

Энэ бүхэн ажиллагаа ихтэй мэт санагдах боловч амьдралдаа хэвшүүлээд ирэхээр тун амархан хэрэг болохыг нь та олж мэдэх болно! Гараа угаахдаа заавал мэс засалд орох гэж буй эмч шиг нарийн төвөгтэй, удаан угаах хэрэггүй! Энэ маш хялбархан!

Гараа хэрхэн зөв зохистой угаах вэ? Эхлээд бүлээн усанд гараа зайлж, 10-15 секундын турш хөөсөртөл нь саванд. Үүнд ердөө л “Маамуу нааш ир” эсвэл “Та надад хайртай” гэдэг дууны дахилтыг аялахын дайтай хугацаа орно. Гараа үрэх механик үйлдлээр таны гарын хир, нян микроб хуулран салахад саван тэр бүхнийг хаман авч, ус урсган зайлуулдаг. Дараа нь та гараа зайлаад, хатаагаарай. Заримдаа элдэв өвчин тархахаас сэргийлэхэд энэ л хангалттай байдаг!

Гэрээсээ өөр газарт гараа угаах хэцүү байж болно. Олон нийтийн газруудад гар угаахад тохиромжтой төхөөрөмж байдаггүй. Иймд та гаднаас гэртээ орж ирэнгүүтээ гараа угаах хэрэгтэй. Та өөрийнхөө явсан, байсан бүх газар, мөн хаалганы бариул, машины хаалга, мөнгө, гутал, шатны хашлага зэрэг гар хүрсэн бүхнээ бодоод үз. Таныг гар хүрэхээс өмнө тэр бүхэнд өөр хичнээн олон нян байж таарах вэ! Та гэртээ ирээд юманд гар хүрэх юмуу, хоолоо идэх, хүнсний зүйлстэй харьцаж эхлэхийн өмнө заавал гараа угаагаарай!      

Энэ бол таныг өвчин тусахаас сэргийлэх анхны арга хэмжээ юм шүү!

 

Хөц будаа, байцаатай хуурга

May 28, 2009

Орц (4 хүний хоол): 3 аяга ус, 1 шоо дөрвөлжин шөл /тахианы, үхрийн гэх мэт нягтруулсан шөл/, 2 аяга хөц будаа /400 гр/, 1 цайны халбага ургамлын тос юмуу масло, давс, 2 томхон сонгино, 200 гр мөөг, 1 ширхэг лууван, 350 гр байцаа, 150 гр сармисны иш (эдгээр бүх ногоог жижиглэн хэрчинэ), 2 цайны халбага хатсан гоньд,1 цайны халбага нимбэгний шүүс, 10 мин чанасан 2 өндөг.

Хийх заавар:

  1. Дунд зэргийн хэмжээтэй хоолны саванд ус хийгээд буцалгана. Шоо дөрвөлжин шөлөө хийж, уусгана. Дээр нь хөц будаагаа цацаад таглаж, бага гал дээр буцалгана. Болтол нь буцалгаад халуун ширэмнээс авч таглаатай чигээр нь дахин 5 мин байлгана. Тагийг нь авч сэрээгээр салгаж сэвсийлгээд хажуу тийш тавина.
  2. Хөц будааг болгох зуур хайруулын тавганд ургамлын тосоо халаах юмуу маслоо хайлуулна. Сонгино, давс нэмж хийгээд 5 минут орчим дунд зэргийн гал дээр эсвэл сонгиноо зөөлөрч эхэлтэл нь шарна.
  3. Мөөг, лууван зэргийг нэмж хийгээд дахин 5 минутын турш болгоод, дараа нь байцаа, сармисны иш зэргийг хольж хийнэ. Таглаад 5-8 минут орчим буюу байцаагаа зөөлөртөл нь болгоно.
  4. Чанасан хөц будаагаа ногоо руу хийж хутгаад, ногоон гоньд, нимбэгний шүүс хийнэ. Хэрчсэн өндгөө нэмж хийнэ. Сайтар холилдтол нь хутгана. Халуунаар нь зооглоорой.

Хувилбар: хөц будааны оронд цагаан юмуу гурвалжин будаа хэрэглэж болно. Хүсвэл мах хийж болно.

Орох хугацаа: 30 орчим минут

 

Элсэн чихэр танд хэрэгтэй юу?

March 17, 2009
Сахар бол бүх цардууллаг хүнсний үндсэн элемент юм. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианд сахар байдаг. Гэхдээ энэ бол дэлгүүрээс таны авдаг гялгар ууттай сахар биш. Чихэрлэг, цагаан, сайхан амттай тэр зүйл бол ихэнх хүнсэнд байдаг байгалийн сахараас огт өөр билээ.
Тэгэхээр, энэ цагаан юм чинь хаанаас гараад ирэв ээ? Энэ нь эрүүл мэндэд тустай ургамал-чихрийн нишингээс эхэлдэг. Чихрийн нишингэд 14 хувь бичил элементүүд, эрдэс давс, янз бүрийн витамин, хлорофилл багтдаг. Чихрийн нишингийг ургаж гүйцсэний дараа бүх эрдэс давс, витаминаас нь салгаж, боловсруулдаг. Дараа нь буцалгаж, шохойн хүчил, нүүрстөрөгчийн хий болон бусад хүсмээргүй зүйлстэй хольж, бяцхан талст хэлбэртэй болгохын тулд дахиад л янз бүрийн хүчлээр цайруулж, модны нүүрсээр шүүдэг. Энэ үед химийн найрлагыг нь шалгахад, үнэндээ хоол биш хор болсон байдаг!

Харин бид цөм сахар иддэг! Дараа нь, юу болдог гээч?! Сахар хүний салст мембран, эд эс, булчирхайнууд, цусны судас, нарийн гэдэсний замыг цочроон үрэвсүүлдэг. 1 халбага сахар хүний дархлааны системийг 4 цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг! Сахар ялангуяа хүүхдийн шүдэнд маш муу! Тухайлбал: чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг. Нян бактериуд энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг.

Энэ бүхэн юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлэхэд, та хэдий чинээ их сахар хэрэглэнэ, төдий чинээ их өвчин тусах магадлалтай! Сахар их хэрэглэдэг хүмүүс ханиад томуу их тусдаг. Таны бие махбодыг бактери, вирустай тэмцэхэд идсэн сахар чинь саад болдог. Сахар идсэний дараа бид урьдахаасаа бага юм өргөж, арай удаан гүйж, эмх цэгцгүй бодож сэтгэж, илүү их ядардаг болно. Шуудхан хэлэхэд, сахар таныг сульдаадаг!

Тэгвэл, сахар юунд агуулагддаг вэ? Төрөл бүрийн чихэр, хийжүүлсэн ундаа, янз бүрийн жимсний шүүс, бялуу, өөр маш олон зүйлд байдаг.
Одоо бид энэ талаар мэдсэн тул, яавал зохих вэ? Тэр бүх амттанаас татгалзах хэрэгтэй гэж би бодохгүй байна! Гэвч бүх юманд тохирсон газар, цаг хугацаа гэж байдаг. Жимс жимсгэнэ, хүнсний ногоонд Ертөнцийн Эзэний оруулсан байгалийн амтыг таашааж сураарай. Эдгээрийг өдөр бүрийн гол хүнсээ болгон амтархан ид! Амттан идэхийн жаргал, ба сахарыг онцгой тохиолдолд, баярын өдрүүдэд зориулж хямгадаарай.
 

Хорт бодисоос сэргийлэх нь

March 3, 2009
Хүүхдээ аюул ослоос сэрэмжлэх нь эцэг эхийн хэзээд санаа тавьдаг зүйл билээ. Бид үр хүүхдээ гадаалахад нь боож баглаад, машин тэрэгнээс сэрэмжтэй байж, хаа яваа газартаа болгоомжтой байхыг зааж сургадаг.

Харин таны гэр орон ч бас аюулгүй газар мөн эсэхийг сайтар шалгахаа мартуузай! Жил бүр олон хүүхэд гэр орондоо идэж, уусан зүйлсээс болж  хорддог. Тухайлбал, эм тан, янз бүрийн витамин, архи спирт, янз бүрийн цэвэрлэгээний шингэн бодис, хулгана  жоомны хор гэх мэт. Иймээс та дараах зөвлөгөөг анхаарна уу:
  • Хортой бодисуудыг нүднээс далд газар хадгалж, цоожил.
  • Эмийг “чихэр” гэж хүүхдэд хэлж болохгүй.
  • Янз бүрийн бодисыг саванд нь байлга. Хэрэв өөр саванд хийсэн бол нэр хаягийг нь дэлгэрэнгүй бичиж хад.
  • Хэрэггүй элдэв эм тариаг бүгдийг нь устгаж хая. Тэгэхдээ ил хаяж болохгүй. Хуучин эмнүүдийг жорлонд урсгах нь зүйтэй.
  • Эм, витамины тунг зөвхөн зааврын дагуу хэрэглэ. Илүү их хэрэглэлээ гээд илүү үр дүнд хүрдэггүй!
  • Төмөр агуулсан эм, витаминуудыг хүүхдийн гар хүрэхгүй газарт болгооомжтой хадгал. Төмрийн тунг хэтрүүлэх нь үхэлд хүргэх талтай.
  • Хүүхдийнхээ дэргэд тамхи бүү тат. Мөн бусдыг хүүхдийн дэргэд тамхи татахыг хоригло. Тамхины утаа ялангуяа хүүхдийн балчир уушгинд ноцтой аюул учруулж мэднэ!
  • Архи, спиртийг хүүхдийн гар хүрэх газарт бүү тавь. Хүүхэд сониуч зангаараа амсаж үзэх гэж магад. Согтууруулах ундаа нь хүүхдийн хөгжиж гүйцээгүй тархинд ноцтой хор хөнөөл учруулж мэднэ.
Хүүхдийн юу хийх гэж байгааг урьдчилан тааварлах аргагүй. Тэд таны “хүрч чадахгүй” гэж бодсон газарт нэвтэрч, “нуусан” гэж бодож байгаа зүйлийг чинь олдог. Харин та хянуур сэрэмжтэй байх юм бол осол эндэгдлээс зайлсхийж чадна.
 

УС, УС, УС

March 3, 2009

Есүс яагаад Өөрийгөө устай зүйрлэсэн бэ? Тэр яагаад Өөрийгөө “амьд сүү” юмуу ”амьд цай”, “амьд дарс” гэж нэрлээгүй вэ? Тэр Өөрийгөө “амьд ус” гэж нэрлэсэн! Тэгвэл ус юугаараа онцгой юм бэ?

Өдөрт 8-10 аяга ус уух нь үе мөч, нурууны өвчтэй хүмүүсийн 80% -ийнх нь өвчин зовиурыг маш сайн намдаадгийг судалгаа харуулдаг! Хүний биеийн усны 2-хон хувь нь дутагдвал түр зуурын ой санамж бүдэгрэх, математикийн үндсэн үйлдлүүдийг бодож чадахгүй будилах, компьютерийн дэлгэц юмуу хэвлэмэл хуудас дээр хараагаа төвлөрүүлж чадахгүйд хүрдэг! Ус дутагдах нь өдрийн цагаар ядарч сульдахын нэг номерийн шалтгаан юм. Өдөр бүр 5 аяга ус уух нь шулуун гэдэсний хорт хавдрын эрсдлийг 45%-иар, хөхний хорт хавдрын эрсдлийг 79%-иар, давсагны хорт хавдрыг 50%-иар тус тус бууруулдаг байна!
Энэ бүхэн дээр нэмж хэлэхэд, ус бол таны эсийг цэвэрлэдэг ЦОРЫН ГАНЦ шингэн юм. Хэрэв таны биед дэндүү их глюкоз (сахар), ханиадны вирус юмуу томуу байгаа бол жимсний шүүс, кофе, кока кола, цай, сүү зэрэг нь таны эсийг урсгаж цэвэрлэхГҮЙ. Та усан дээр элсэн чихэр, амт оруулагч, цай, сүү зэрэг нь ямар нэг зүйл нэмэх юм бол тэр нь цусаар дамжин таны эс рүү оролгүйгээр гэдсэнд чинь шингэх ба та эсээ цэвэрлэхгүй гэсэн үг!

За тэгээд та өдөр бүр хангалттай ус ууж байна уу?
 

ГРАНУЛА

March 3, 2009

Заавал орох зүйлс:
1 уут овъёос – 500 гр
1/3 аяга (250 гр-ын аяга) зөгийн бал
1/3 аяга ургамлын тос

Жич: Оросын шар цаасан уутны дээд талд “Геркулес, хлопья овсеные”, голдоо “Мария” гэсэн бичигтэй овъёос тохиромжтой.
Зөгийн балын оронд элсэн сахар ч байж болно. Гэхдээ зөгийн балыг тэжээллэг талаас нь гүйцэхгүй.

Нэмж амталж болх зүйлс:
1/3 хуурай сүү
1/3 аяга хар самар (наранцэцгийн), бусад төрлийн самар
1/4 аяга хэвэг

Хийх арга: Тогоон дотор дээрх зүйлсийг хольж хийнэ (эсвэл духовк дотор ч хийж болно). Өнгөн тал нь борлоод ирэхээр нь ойролцоогоор 2 минут тутамт нэг хутгана. Ийм маягаар 25 орчим минутын турш жигд бор шаргал болтол нь шараад гаргана.
Гаргасны дараа үзэм, янз бүрийн хатаасан жимс нэмж болно.

Хэрэглэх арга: Тэжээлэг чанараараа өглөөний цайнд тохиромжтой. Гранулаг жимсний шүүс, сүү, тарганд хийн идэж болно. Хэрчсэн алим банана хийн амталсан ч болно.

Тавтай хооллоорой!
 

Ханиадтай үед биеэ хэрхэн тордох вэ?

March 3, 2009
Энэ өвөл бидний олонх нь ханиад, томуу туссан биз ээ. Энэ талаар юу хийвэл зохих вэ? Танд тус болох дараах хэдэн зөвлөгөөг толилуулж байна:

1. Онц шаардлагагүй бол, антибиотек хэрэглэхээс зайлсхий. Ханиад, томуу вирусээс үүсдэг. Вирус нь антибиотект дарагддаггүй. Антибиотек нь нян бактери, паразитын эсрэг үйлчилдэг болохоос вируст хамаагүй! Тиймээс, ердийн ханиаданд антибиотек уух нь тийм ч зөв арга биш юм. Ер нь, антибиотекийг хэтрүүлэн хэрэглэх нь өөр маш олон авчний шалтгаан болдог. Нэмж хэлэхэд, ноцтой хүнд өвчинд антибиотек хэрэглэх шаардлага гарлаа ч, таны биед үйлчлэхгүй. Учир нь, урьд нь байнга хэрэглэж ирсэн антибиотек танд нөлөөлөхөө больсон байдаг. Иймд антибиотекийг үнэхээр ноцтой өвчинд хадгал. Таны бие өөрөө ханиадтай тэмцэг!

2. Хангалттай ус уу! Өвчний шинж тэмдгийг мэдэрсэн даруйдаа ус ихээр ууж эхэл. Ингэснээр та зарим тохиолдолд уг өвчний вирусыг өөрийн биеэс хурдан урсган зайлуулж чадна! Хэрэв та хангалттай шингэн уух юм бол, таны ханиад маш богино хугацаанд эдгэнэ. Бусад шингэнийг уувал яах бол гэж та бодож болох юм. Ханиадтай тэмцэх үедээ сүү уухаас зайлсхий. Сүү таны цээж, хамрын хөндийд бүр ч их салст шингэн бий болгоно. Жимсний шүүс, кола ундаа, сахартай цай зэрэг чихэрлэг шингэнээс зайлсхий. Эдгээр нь үнэн хэрэгтээ ханиадыг сунжруулдаг. Нэг халбага элсэн чихэр таны дархлааны системийг 4 цагийн турш 30 хувиар бууруулдаг! Ханиадтай тэмцэх үед таны биеийн дархлаа хүчирхэг байх шаардлагатай. Тиймээс, эдгэн эдгэртлээ ЯМАР Ч САХАР БҮҮ ХЭРЭГЛЭ.

3. Агаарыг чийгтэй байлга. Өвөл өрөөн доторх агаар ихэд хуурайших шинжтэй байдаг! Гэр доторх агаарыг чийгтэй байлга. Үүнийг хэрхэн хийх вэ? Хэд хэдэн арга бий: Ялангуяа шөнө буюу амаараа илүү их амьсгалах үедээ өрөөндөө нойтон алчуур өлгөж тавиарай. Цагаан гаатай ус буцалга. Толгой дээгүүрээ алчуур нөмөрч, савсаж байгаа уур луу нүүрээ ойртуул. 5-10 мунутын турш гүнзгий амьсгаа авч ут. Үүнийг та өдөрт хэд хэдэн удаа хийж болно.
Агаарын хувьд нэмж хэлэхэд, хэрвээ та хотын утаан дотор амьдардаг бол амьсгалын замын өвчинг эдгээхэд хамгийн тустай зүйлийн нэг бол хотоос цэвэр агаарт гарах явдал юм. Цэвэр агаар бол уушгийн хувьд хамгийн сайн эм билээ.

4. Сармис. Сармис бол нянгийн эсрэг гайхалтай тэмцэгч юм! Сармис нь бактери ба вирусын аль алины эсрэг үйлчилгээтэй. Аль болох их сармис ид! Хоолондоо хий, цайндаа хэрхэн хэрчмийг хий. Мөн сармисыг буцалж байгаа усанд хийж, дээр зааварласны дагуу ууранд нь ут.

5. Ариун цэврийг чанд сахь. Ариун цэврийн өрөөнд орсны дараа, мөн хүнсний зүйлд гар хүрэхийн өмнө үргэлж гараа угаа. Амны цаас хэрэглээд хаях юмуу, нусны алчуураа угааж бай. Хаалганы бариул, ялангуяа бие засах өрөөний хаалганы бариул, гэрийн утас ба олон удаа гар хүрдэг бусад газрыг байн байн халуун усаар савандаж угаа (гэрлийн унтраалгыг ч бас цэвэрлээрэй).

Энэ өвөл таныг тухтай байхад эдгээр бяцхан зөвлөгөө тус болох болтугай!

 
 
Make a Free Website with Yola.