Christmas өнгөрсөн ч... бид Их Эзэнээ ирэхийг хүлээсэн хэвээрээ...

December 31, 2009

"Гэтэл Бэтлэхэм Эфрата чи Иудейгийн гэр бүлүүдийн дотроос өчүүхэн боловч миний өмнөөс Израйлийг захирах нэгэн чамаас гарч ирнэ...” Михаах 5:2

Аврагчийн төрөхийг хүлээж байсан хүмүүсийн хувьд Ертөнцийн Эзэний амлалт анх тийм ч тодорхой байсангүй. Аврагч ирэх тухай зөгнөлүүд олон зуны турш нэмэгдсэн байж улам тодорхой болоод сүүлд нь зарлага Михаах түүнийг чухам хаана төрөх болохыг зөгнөн хэлжээ.

Хаврын үед хүн ногооны талбайгаа бэлдэн газар хагалаад ногоогоо тарьдаг. Хагалсан хөрс шороо нь энд тэнд ялгаагүй адилхан харагддаг бөгөөд харин ухаалаг хүн юуг цаана тарьснаа мартахгүйн тулд ямар нэгэн тэмдэг тавьдаг. Тэгээд тэмдэг тавьсан газраа сайн ажиглан ургах ургамлаа цухуйхыг хүлээнэ.

Цэцэрлэгч Ертөнцийн Эзэн мөн л бэлтгэлийн ажлаа хийсэн байна. Та амьдралынхаа аль хэсэг дээр Ертөнцийн Эзэний амлалтыг цухуйн гарахыг хүлээж байгаа вэ? Ажил дээрээ юу? Их Эзэнийг хүндлэн баярлуулах тал дээрээ юу? Гэрлэлт юмуу найз нөхдийн харилцаа эсвэл гэр бүл хамаатан садангийн чинь дунд уу? Аврагчийг амласан Ертөнцийн Эзэний амлалт хэний ч бодолд ормооргүй газарт биелнэ гэдгийг Михаах харуулсан билээ...

Таны амьдралд ч гэсэн Ертөнцийн Эзэний хамгийн сайн сайхан бэлгүүд хамгийн сул дорой талд чинь гарч ирж магадгүй. Апостел Пууль хэлсэнчлэн, “Би Христийн төлөө хүмүүст доромжлуулж, хүч чадал мөхөсдөн, хүнд бэрх байдалд орж, хавчлага зовлонг туулахдаа үнэхээрийн баяртай байдаг. Учир нь, ядуу дорой болох үед минь Ертөнцийн Эзэн ер бусын их хүч чадлаа өгч тусалдаг билээ.” 2 Коринф 12:10

Гуйлт: Их Эзэн Есүс минь ээ, Та өнөөдөр миний амьдралын аль хэсэг дээр ажилламаар байна вэ? Та миний хамаг амьдралыг, сайн ба муу, миний хүчтэй болон сул дорой талуудыг цөм авч дураараа ашиглаарай. Амээн.

 

Хөлдүү хөрс

December 24, 2009
"Мөнхийн Эзэнд би баясан бахдан, сэтгэл оюун минь Ертөнцийн Эзэндээ баярлан хөөрч байна. Учир нь Тэрээр намайг авралын нөмрөгөөр хувцаслан, шударга байдлын дээлээр хучсан... Хөрс шороо үрийг соёолон, цэцэрлэг үрсийг ургахад хүргэдэгийн адил бүхий л эрх мэдэлт Эзэн бүх үндэстний өмнө шударга байдал ба магтаалыг цухуйн ургахад хүргэнэ.” Яашяах 61:10-11

Гадаа хөрс шороо одоо хөлдүү, юу ч ургахгүй байна. Агаар хөв хүйтэн, өдрүүд их богино, юм ургахын аргагүй улиралын дунд бид явж байна. Гэтэл бидний хөлийн доорх хөрсөн дотор газраас цухуйн гарч ургах цагаа хүлээж буй олон олон үр хүлээгээд байна.

Эдгээр үрс цаг агаарын байдал тохиромжтой болохыг хүлээгээд байж олон сар болоод гэнэт нэгэн өдөр үндэс, мөчир, цэцэг ургуулах болно. Зэлүүд уулсын оргил дээр буй үрс, салхинд туугдан хэзээ нэгэн цагт шигдэн ургаж болох газраа олно. Дэлхий дахины хөрс шороо ийм нууцаар дүүрэн. Тэдгээр үрс нь яг л нууцлаг амлалт мэт...

Таны амьдралд ч гэсэн Ертөнцийн Эзэний амлалтын үр нуугдсан байдаг. Хөлийн чинь доорх шорооны адилаар таны амьдрал Ертөнцийн Эзэний бэлтгэж буй зүйлсийг агуулан нуудаг. Өдөр бүрийн хэцүү байдлын шороо нь урган цэцэглэх зөв цагаа л хүлээж буй, Түүний амлалтыг халхалж байна.

Таны өдөр тутмын уйтгартай ажлын цаана ямар цэцэгс нуугдан буйг хэн мэдэх вэ? Эдэлж буй өвчин зовлон юмуу ганцаардмал байдал чинь чухам ямар гоо үзэмжийг нуудам юм бол оо? Ертөнцийн Эзэн мэднэ. Харин Есүс яг цаг нь ирэхэд мэндэлсний адилаар таныг аварна гэсэн Түүний амлалт мөн л яг цаг нь ирэхэд биелэх болно.

Гуйлт: Ер бусын эцэг минь ээ, Та бол агуу Цэцэрлэгч. Та бүгдийг хамгийн сайн мэднэ. Таныг Өөрт чинь таалагдах үр жимсийг миний амьдралаас гаргах хүртэл хүлээх чадварыг надад өгөөч. Миний зууралддаг усан үзмийн сайн мод мэт Есүсийн нэрээр би гуйлаа. Амээн. (Иоган 15)

 

"Цөл газарт Мөнхийн Эзэнд зориулсан зам бэлтгэсүгүй...

December 21, 2009
...зэлүүд газарт бидний хүндэлдэг Ертөнцийн Эзэнд зориулж шулуун замыг бэлтгэсүгэй.” Яашяах 40:3

Намайг 14 настай байхад аав маань тарисан ногоонд нь дэндүү их сүүдэр тусгадаг байсан нэгэн модыг огтолж авахаар шийджээ. Мод тайрч авах тийм ч хэцүү биш. Гэвч үлдсэн хожуулыг нь газраас гаргаж авах нь өөр хэрэг. Манай дүү бид хоёр аавдаа тусалж тэр хожуулын эргэн тойронд нь олон цагийн турш ухаад хожуулыг байранд нь байлгадаг үндэснүүдийг нь ил гаргасан. Ганц мод ямар олон үндэстэй гээч!

Зам бэлтгэхийн тулд дэндүү олон, бас бүдүүн үндэс бүхий ганц биш олон модыг ингэж гаргах шаардлагатай бол ямар их ажиллагаатай болохыг төсөөл дөө! Гэтэл Их Эзэнийхээ ирэхэд бэлтгэхийн тулд бид төрөлхийн гэмт чанарынхаа голд ортлоо ухаад үндэс бүрийг нь авч хаях хэрэгтэй.

Харамсалтай нь бид чаддаггүй. Үхсэн мод өөрийнхөө үндсийг зайлууж чадахгүйн адилаар бид ч өөрийнхөө гэмийг зайлуулж чаддаггүй. Харин чаддаг нь бидний Их Эзэн! “Миний хүмүүсийг тайвшруул” гэж Тэр хэлдэг. Учир нь нэгэн сайхан мэдээ бий: “Бүх эрх мэдэл бүхий Их Эзэн хүч чадалтайгаар ирнэ... Тэрээр хонин сүргээ хоньчин мэт харж хандана.”

Ариун Сүнс Иоган Баптистээр дамжин энэ зөгнөлийг биелүүлж хүмүүсийг гэмээ хаяж уучлал авахад уриалахдаа Есүсийн энэ дэлхий дээрх ажлыг бэлтгэж өгсөн. Чухам тэр Ариун Сүнс өнөөдөр ч таны дотор ажлаа хийж сэтгэлийн чинь голд хөтлөх, Есүст зориулсан замыг гаргаж байна.

Гуйлт: Хайртай Есүс Аврагч, миний Хоньчин Хаан минь! МИний зүрх сэтгэлд орох замыг Та өөртөө бэлдэж өгөөч. Гэмийн үндэс бүрийг, өөрийнхөөрөө явах хүслийг минь Та ухан гаргаад зайлуулж өгөөч. Тэгээд миний дотор шинэ зүрх сэтгэлийг суулгаж өгөөч. Амээн. 

 

One King

December 19, 2009
Нэгэн хаан смирна
Нэгэн хаан алт
Нэгэн хаан гүгэл
Харин нэгэн Хаан энэ дэлхийн найдварыг
Гартаа атгажээ...

 

"Xамт"

December 18, 2009

"Mөнхийн Эзэн өөрөө та нарт тэмдэг өгнө: Онгон ариун эмэгтэй жирэмслэн хүүр төрүүлэх агаад түүний нэрийг Иманүэл гэж дуудах болно.”

Яашяах 7:13-14

Аймшиг дүүрэн үеүүдээр таслагдсан урд удаан үргэлжилдэг уйтгарлал” – чухам ингэж нэгэн хүн дайныг тодорхойлж. Энэхүү тодорхойлол бас адвентэд тохирох юм шиг. Учир нь Ертөнцийн Эзэний ард түмэн Аврагч Эзэнийг хүлээгээд байхдаа олон жилийн турш хүнд хэцүү хөдөлмөр хийдэг байсны хажууд бас аймшгийн үеүүдтэй тулгарч байсан. Эдгээр жилийг илүү сайн ойлгох гэж бид яаж болох вэ? Адвентийн Хэлзүйн хичээлд орвол ямар вэ? (Зарим хүнд хэлзүй дэндүү уйтгартай санагдана – заримд нь ердөө л аймшгийн зүйл :о)

Хүсэн хүлээсэн Аврагчийн нэр нь “Иманүэл” буюу “Ертөнцийн Эзэн бидэнтэй  хамт”. Ертөнцийн Эзэн чухам яагаад энэхүү угтвар үгийг ашигласан бэ? Яагаад бидний дэргэд, өмнө, хойно, доор эсвэл дотор гэж хэлээгүй юм бол? Яагаад гэвэл, “хамт” гэдэг үг нь Аврагч бидэнтэй өөр дотно байхаас ч илүү гүнзгий утга учиртай.

Ингэж нэг үз дээ: эрхий хоёр хуруугаа дээшээ гозойлгоод хоёр гарын атгасан хуруунууд бие биедээ хүргэ. Тэгээд хоёр гараа урагшаа хүчтэй түлх. Та дөнгөж сая хэлгүй хүмүүсийн “хамт” гэдэг дохиог хийсэн (англиар шүү, монголоор би даан ч мэдэхгүй). Ингэхэд хүч чадал мэдрүүлдэг, тийм ээ?

Есүс биднийг зөвхөн дүүргэх юмуу дэмжих л гэж энэ дэлхийд ирээгүй. Харин бидний төлөө тэмцэгч холбоотон минь болох гэж. Бидэнтэй хамт урагшаа алхдаг хань минь болох гэж. Эрхшээлдээ оруулсан муу ёрын хүчнээс биднийг цусаараа худалдан авч эргээд өөрийнх болгон гэртээ авчрах гэж Тэр ирсэн. Аймшиг дүүрэн үеүүдээр л таслагдсан, уйтгартай тэр олон цагийн турш бидэнтэй хамт байхаар Тэр амласан. Дайн дажин болсон ч харагдахгүй ер бусын тулалдаан болсон ч, мөн алжаалаа тайлах тайван үеүүдэд минь Есүс биеэрээ “Ертөнцийн Эзэн бидэнтэй хамт”.

Гуйлт: Хайртай Аврагч минь ээ, би гав ганцаараа биш гэдгийг надад өнөөдөр шинээр сануулж өгөөч. Нэрийг тань би алдаршуулахын тулд Та тулааны үед, мөн амарсан үед минь надтай хамт байгаач. Амээн. 
 

Их Эзэний Давид хаанд өгсөн амлалт

December 17, 2009
... “Үе залгамжлагч үр удмыг чинь Би босгоно... Түүний хаант улсын ширээг би мөнхөд байгуулах болно.” Шимүүлийн дэд 7:12б, 13б (Ертөнцийн Эзэн Давид хаанд)

Урт удаан хугацаагаар хойшлогдсон зүйлийг бид уг нь биелэхгүй гэж бодох хандлагатай. “Энэ жил болохгүй л дээ, харин ирэх жил бид амралтаараа тэр сайхан газар явж магадгүй” гэж сонсоход танд ямар сэтгэгдэл төрдөг билээ? “Хойтон жил ч биелэхгүй байх” гэж боддог биш үү?

Үүнчлэн Есүст итгэдэггүй хүмүүс заримдаа мөнхийн улсыг хүсэн хүлээсэн бидний найдварыг хэзээ ч биелэхгүй алс холын зүйл гэж үздэг. Бид өөрсдөө ч зарим үед ингэж боддог, тийм ээ?!

Айх аюулгүй, дэвшин дээшилдэг хаант улс байгуулах гэж Давид хаан олон жилийн турш тэмцсээр ирсэн бөгөөд өөрөө нас барсан ч энэ байдал үргэлжлээсэй гэж хүссэн. Харин Ертөнцийн Эзэний түүнд хариуд нь өгсөн амлалт үр хүүхдийнх нь төлөө биш, харин алс холын ирээдүйд зориулсан байв: “Үе залгамжлагч үр удмыг чинь Би босгоно... Түүний хаант улсын ширээг би мөнхөд байгуулах болно.”

Хүссэн юм ингэж хойшлогдоход сэтгэл хугармаар санагдаж байна уу? Амьдралдаа бид ч бас олон хүсэл мөрөөдлөө хойш тавих хэрэгтэй байдаг. Би лав их сургуульд суръя гэж мөрөөддөг байсан. Дулаахан улс оронд, болдогсон бол сайхан арал дээр амьдаръя гэж мөрөөдөж үзсэн. Монголын нийгэмд янз бүрийн аргаар хүрч үйлчлэе гэж хүссэн олон хүсэл минь өдий хүртэл биелээгүй. Миний зарим мөрөөдөл хэзээ ч биелэхгүй байж магад. Харин үүний оронд Их Эзэн надад илүү дээр зүйлсийг өгсөн. Их Эзэний мөрөөдлийг олж харах тусмаа өөрийн мөрөөдлөө Түүнийхээр, Түүний алсын хараагаар солилцох хүсэлтэй болж байна.

Ертөнцийн Эзэн Давидад амлалт өгсөн. Энэ нь алсын амлалт байсан бөгөөд биеллийг нь олж харахад хэцүү байсан байх. Гэсэн ч энэ нь Давидын хүссэнээс хамаагүй том амлалт байсан. Ингэхэд та өөрийн мөрөөснөө авмаар байна уу, Ертөнцийн Эзэний танд зориулсан мөрөөдлийг авмаар байна уу?

Гуйлт: “Мөнхийн Эцэг минь ээ, та миний хүсэл мөрөөдлүүдийг сайн мэднэ. Харин Таны надад зориулсан мөрөөдлүүд минийхээс дээр, минийхээс агуу болохыг олж харахад надад туслаач. Харцаа эргэж ирэх Аврагч Эзэнийхээ дээр тогтооход туслаач, наддаа. Амээн.”
 

“Тэргүүнээ дээш өргөгтүн...”

December 14, 2009
“...Учир нь та нарын аврал айсуй байна.” Луух 21:28

"Ертөнцийн Эзэний үгийг бат дагадаг, түүний Ариун Сүнстэй, сайхан сэтгэлт Шимүн гэгч нэгэн хүн Иерусалимд амьдарч Ертөнцийн Эзэн Израйльд аврагчаа илгээх өдрийг горидон хүлээж байв.” Луух 2:25

Шимүны хувьд Есүсийн мэндлэх нь ард түмнийх нь найдвар төрнө гэсэн үг байсан (Луух 2:25-35). “Нас барахаасаа өмнө чи Ертөнцийн Эзэний илгээсэн аврагчийг үзэх болно” гэж Ариун Сүнс түүнд амласан байв. Бид Шимүний тухай тийм ч их юм мэддэггүй. Хамгийн содон зүйл гэвэл, ард түмнээ аврах Аврагч ирэх нь түүний хувьд өөр юунаас ч чухал зүйл байжээ. Энэ хүн зүрх зоригтой, тэвчээртэй, тэсвэр хатуужилтай, бууж өгдөггүй нэгэн.

Зарим хүн амархан бууж өгдөг. Амьдралыг бүр нөмрөн авсан хүнд хэцүү байдал, сэтгэлийг шархлуулсан хайр, итгэл дааж чадаагүй хүн, амьдралыг нураахаар занасан сорилтууд, эвдэрсэн харилцаа, тэнцэж чадаагүй шалгалтууд, сүйрсэн гэр бүл, мөрөөдснөөс тэс өөр ажил... энэ бүх зүйл амьдрах итгэл найдварыг маань хугалан авч хаядаг.

Харин Шимүн хэзээ ч бууж өгсөнгүй. Өдрөөс өдөрт тэр Ертөнцийн Эзэний сүм очсоор байж хүлээсээр байж. Тэгээд нэгэн өдөр хүсэн хүлээсэн Аврагч нь ирсэн гэдгийг тэр мэдсэн!

Шимүний дээш харж найдсаар байсан хандлага нь өөрийг нь хөдөлгөөнгүй идэвх муутай хүн болгоогүй. Түүнийг Ертөнцийн Эзэний үгийг бат дагадаг, сайхан сэтгэлтэй хүн гэж тодорхойлсон байгаа нь түүнийг сайн үйлс бүтээж, Ертөнцийн Эзэнд үйлчилдэг байсан гэсэн үг. Найдвар биднийг юм хийх хүчгүй болгон орхидог биш, харин ч сэргээн эрч хүчийг өгдөг юм.

Есүс биднийг хэзээ ч бууж өгөлгүйгээр гуйсан бай гэж захисан (Луух 18). Үүний хамгийн сайн үлгэр жишээ нь хөгшин Шимүн гуай болж чадсан. Тэрээр өдөр бүр дээш харан, “өнөөдөр миний хүлээсэн өдөр мөн байж магад!” гэж бодон эргэн тойрноо ажигласаар байв.

Үүнчлэн бид бүхэн өдөр бүр дээш харан Их Эзэнээ эргэж ирнэ хэмээх шинэ найдвар болон хүч чадлыг авч Түүний замаар бууж өгөлгүйгээр явж чадна. Та чадна шүү!

 

Ер бусын хаант улс ирэхэд хувь нэмэр оруулаарай

December 11, 2009

Ертөнцийн Эзэний хаант улс ойртсон байна!” (Maтай 3:1-12-г уншаарай)

Ертөнцийн Эзэний хаант улс энэ дэлхий дээрх бидэнд харагдахгүй нь олонтаа. Олон хүн янз бүрийн юмны донтон болж тэр боолчлолд амьдардаг хэвээрээ. Гэргүй хоосон хүмүүсийн тоо олширч байна. Тараншаанд жаахан хүүхдүүд хүртэл амьдардаг, тийм газар бүр хүүхэд төрдөг. Хөдөөний зарим газар мөнгөн усаар хорлуулж байна. Өвчтэй хүмүүст сайн эмчилгээ олдоход хэцүү. Гадаадад энд тэнд дайн дажин, өлсгөлөн, газар хөдлөх г.м. янз бүрийн гамшиг болоод л байна...

Есүст итгэгч бид Ертөнцийн Эзэний хаант улсын үнэ цэнүүд ноёрхсон дэлхийг мөрөөддөг. Тэр дэлхийд хүүхэд бүр боловсрол, эрүүл мэндийн анхаарал авч, бүх талаараа хөгжих боломжтой. Засгийн газар ард түмний сайн сайхны төлөө л ажиллана. Дайн үгүй болно. Хүн бүр дэлхийн нөөц баялгийг хариуцлагатайгаар ашиглаад үр удамдаа үлдээдэг. Хүн болгон Их Эзэний хүслийг эрэлхийлж Түүний замаар явдаг тийм дэлхийг бид хүсдэг. 

Энэ мөрөөдөл бий болохын тулд ТА хөдлөх хэрэгтэйгээ мэдэх үү?!

Биднийг Ертөнцийн Эзэний хүүхэд болж Ариун Сүнсний баталгааг хүлээж авахад энэ мөрөөдөл биелж эхэлнэ. Есүсийн гэр бүлд орохдоо бид Түүний хаант улсын үйл ажиллагаанд оролцдог хүн болно:
өлссөн нэгнийг хооллох, ам цангасан нэгэнд аяга ус өгөн, харийн хүнийг халуунаар угтаж авах, өвчтэй нэгнийг асарч халамжлах, аав ээж нь байнга завгүй байдаг ганцаардсан хүүхдийн хань нь болох, бусдыг Ертөнцийн Эзэний гэр бүлд урих...

Хэрвээ бид бүхэн Ертөнцийн Эзэний хүүхдэд зохих үр жимс гаргадаг болвол ойртсон тэр хаант улс нь бүрмөсөн ирэх болно.

 

Хэр удах вэ?!

December 11, 2009

Энэ зураг Есүсийн мэндлэхийг зөгнөн бичиж буй Яашяах зарлагийг дүрслэн харуулж байна. Олон зуун жилийн өмнөөс зөгнөсөн Аврагч Эзэнийг хүсэн хүлээж байсныг бид Адвентийн энэ үед дурсан санаж Түүнийг бас л зөгнөлийн дагуу эргэж ирэхийг өөрсдөө хүсэн хүлээж байгаагаа чухалчлан бодож байгааг та бүхэн санаж байгаа буй за.

“Мөнхийн Эзэн минь ээ, хэр удах вэ? Царайгаа Та надаас хэр удаан нууцлах вэ? ... Гэвч би үнэнч хайранд тань итгэн найдаж, зүрх сэтгэл минь Таны авралд баярлан хөөрч байна. Мөнхийн Эзэндээ би дуулал өргөе. Учир нь Тэрээр надад сайн сайхнаар хандсан билээ.” Дуулал 13:1, 5-6

“Мөнхийн Эзэн минь ээ, хэр удах вэ?!” Энэ үг бид бүхэнд ойрхон. Бид хүлээх дургүй, хүнд хэцүү байдлаас амархан залхдаг. “Jingle Bells”, “We wish you a merry Christmas” гэх мэтийн дууг бид одоо Монголд ч гэсэн гадуур сонсдог болсон. Ийм дуу зүгээр л дээ. Гэхдээ жинхэнэ адвентийн дуу Аврагчийг урт удаан хугацаагаар хүлээх тухай байж таарна. “Мөнхийн Эзэн минь ээ, хэр удах вэ?” гэж Давид хаан дуулсан. Мянга мянган жилийн туршид итгэгчид Ертөнцийн Эзэний авралыг хүлээж ийнхүү дуулсаар байжээ. Библийн хамгийн сүүлийн хэсэгт хүртэл Иоган, “Их Эзэн Есүс минь ээ! Та ирээрэй! Хурдан ирээрэй!” гэж гуйн бичжээ (Үзэгдэл 22:20).

Хүлээх нь амаргүй боловч энэ дэлхийн түүх хэрхэн төгсөхийг бид мэднэ. Ертөнцийн Эзэний амлалт биеллээ олж амласан Аврагч нь үнэхээр ирсэн бөгөөд үүнчлэн мөнхийн хувиршгүй чанартай тэр Аврагч амласныхаа дагуу эргэж ч ирэх болно. Энэ бол 100 %-ын баталгаатай!

Гуйлт: Их Эзэн минь ээ, Та дахин ирж Хаант Улсаа энэ дэлхий дээр байгуулах гэж хэр их удах вэ? Бүх гэм буруу, өвчин зовлон, уй гашуу үүрд мөнх арилсан хүртэл хэр их удах вэ? Би хайрт Эзэн Таныгаа хүлээсээр байх болно. Та ирээрэй, хурдан ирээрэй, Их Эзэн Есүс минь. Амээн.”

 

“...дэлхий дээрх бүх хүмүүс чамаар дамжин ивээгдэх болно.” Эхлэл 12:3б

December 7, 2009

Ертөнцийн Эзэн Аврахаамд маш олон үр удмыг өгнө гэж амласан. Түүний үр удмууд бүр тэнгэрт буй од, далайн эргийн элсэн ширхэг мэт тоо томшгүй байх болно гэжээ (Эхлэл 22:17). Xaрин тоогүй ийм бэлгийг хэмжиж ойлгох нь Аврахаамд хэцүү байсан: “Их Эзэн минь ээ, та надад юу өгөх вэ? Би чинь хүүхэдгүй хэвээрээ шүү дээ...” гэж тэр тэвчээр баран гуйж байсан (15:2).

Гэтэл Ертөнцийн Эзэний хамгийн сайхан бэлгүүд заавал тоолж болохоор зүйлс байдаггүй. Түүний хамгаас агуу бэлэг бол Аврагч Эзэнийг илгээсэн нь бөгөөд тэр бэлгэнд нь ямар олон ивээл ерөөл багтсан байдаг билээ! Бид үргэлж хамт байж харж хандан хамгаалдаг ер бусын Эцэгтэй болж, амар тайвныг олж, юунаас ч бүр үхлээс ч хүртэл айх хэрэггүй болсон, үргэлж найдвар дүүрэн явж болно, шинэ өдөр бүр шинээр эхлэх боломжтой болсон! Түүний уучилсан гэмийг минь ч тоолохын аргагүй. Бид тэр чигээрээ Их Эзэний хайр ивээлээр хучигдсан.

Гуйлт: Хайрт Эзэн Есүс минь ээ, эргэн тойрон буй Таны надад зориулсан бэлгийг өнөөдөр харах нүдийг надад өгөөч! Taныг ямар ч нөхцөл байдалд магтах дуу хоолойг надад хайрлаач. Aмээн.

 
 
Make a Free Website with Yola.