Христмас баярын бэлэг

December 3, 2009


Миний найз Пол Христмас баярын бэлгэнд ахаасаа машин авчээ. Христмас баярын өмнөх өдөр Полыг ажлаасаа тарах үед гудамжны нэгэн хүү шил толь болсон цоо шинэ мшиныг нь энд тэндээс нь ихэд бахдан харж байлаа. Тэгээд:

- Ноёнтоон, энэ таны машин уу? гэж асуув. Пол толгой дохиод:

- Ах маань үүнийг надад Христмас баярын бэлэг болгон өгсөн юм гэв. Хүү мэл гайхаж:

- Үүнийг тэгээд ах чинь танд өгсөн юм уу? Тэгэхлээр та үүнд огт мөнгө төлөөгүй байх нь ээ? Пөөх, би тийм ах байдаг ч болоосой... гэж тээнэгэлзэн дуугарав.

Мэдээж, түүний юу хүсч байгааг Пол мэдэж байлаа. Тэр хүү түүн шиг сайн ахтай байхыг хүсчээ. Гэвч жаал хүүгийн “би тийм ах байсан бол сайхан аа” гэж хэлсэн үг Полын сэтгэлийг ихэд хөнджээ. Пол мэл гайхаж тэр хүү рүү хараад:

- Чи миний машинд сууж явмаар байна уу? гэж гэнэт асуув.

- Тэгэлгүй яахав. Дуртайяа.

 

Тэд машинаар хэсэг явсны эцэст өнөөх хүү оч гэрэлтсэн нүдээр түүн рүү хараад:

- Ноёнтоон, та энэ машинтайгаа намайг гэрт минь хүргэж өгч болох уу?

Пол инээмсэглэв. Хүүгийн юу хүсч байгааг мэдсэн гэж тэр бодож байлаа. Тэр хүү том ганган машинаар гэртээ ирж байгаагаа хөршүүддээ харуулахыг хүсэж дээ. Гэтэл Пол дахиад л эндүүрчээ.

 

- Тэр шатны дэргэд та зогсохгүй юу? гэж хүү гуйв.

Тэгээд тэр шатаар гүйн өгсөв. Гэтэл удаа ч үгүй түүний буцаж ирэх чимээг Пол сонссон боловч хүү тэр даруй гарч ирсэнгүй. Тэрээр тахир дутуу бяцхан эрэгтэй дүүгээ тэврэн гарч ирэв. Тэгээд дүүгээ шатан дээр суулгаад өөрөө хажууд нь сууж, түүнийг тэврээд машин руу зааж:

- Дүү минь, нөгөөдөх чинь энэ шүү дээ. Дээр өрөөнд чамд ярьсан машин энэ байна. Христмас баяраар ах нь түүнд энэ машиныг авч өгсөн болохоор тэр үүнд сохор зоос ч зараагүй гэнэ. Нэг л өдөр би чамд яг үүн шиг машин авч өгнө өө... Тэгвэл Христмас баярын чимэглэлтэй дэлгүүрийн цонхоор харсан зүйлээ чамд хэлэх гэж би яадаг байлаа, тэр гоё сайхан бүхнийг чи өөрөө харж чадна гэв.

 

Пол машинаасаа гараад дүүг нь өргөж урд суудалдаа суулгав. Баярлаж хөөрсөн ах нь түүний хажууд сууж, тэд гурвуул баярын өмнөх тэр өдрийг хэзээ ч мартагдашгүйгээр зугаатай өнгөрөөжээ.

“Өгсөн нь илүү ивээлтэйеэ” гэж хэлэхдээ Есүс чухам юун тухай ярьсныг Христмас баярын өмнөх тэр өдөр Пол ухаарчээ.

-       Зохиогч нь үл мэдэгдэх

 

Та ч бас Ертөнцийн Эзэнд үйлчилж чадна

November 29, 2009
Пуулийн хэлснээр бид “Их Эзэний төлөө ажиллаж амьдарч байгаагаар бодож ажлаа сайн хийх” хэрэгтэй (Эфэс 6:7, МБН). Өөрөөр хэлбэл, хүлээсэн ямар ч үүргээ бид Есүсийн төлөө зүтгэж байгаа мэтээр биелүүлэх хэрэгтэй гэсэн үг. Иймээс та Ертөнцийн Эзэнд үйлчлэхийн тулд юуны өмнө гэр бүл, гэр орныхоо үүргийг чадлынхаа хэрээр сайн биелүүлж сураарай. Чин сэтгэлээсээ хань ижлээ халамжлах, үр хүүхдээ харж хүмүүжүүлэх, аав ээждээ туслах, жорлон угаахыг хүртэл бүгдийг нь л Ертөнцийн Эзэнийг гэсэн сэтгэлээр хийвэл Түүндээ үйлчилж байна гэсэн үг.

Үүний зэрэгцээ сүмийнхээ аль нэг байнгын үйлчлэлд тогтмол үйлчилж байхыг танд уриалья! Сүмд чинь таны оролцохыг хүссэн үйлчлэл хараахан байхгүй бол та яагаад эхлүүлэгч нь байж болохгүй гэж? Ертөнцийн Эзэний хаант улсыг өргөжүүлэн тэлэхэд туслах маш олон боломж танд бий. Заримаас нь дурдья:

- Та сүмийнхээ халамжийн салбарт хандаж, тусламжийн бараа тараахад тусалж болно.

- Та сүмийн миссионерүүдийн түшиг тулгуур болж болно: тэдэнд захиа бичиж, ирэхэд нь халуунаар угтан авч, гэрт нь очиж урам хайрлаж, хэрэгтэй юмаар нь тусалж, мөн хамгийн гол нь тэдний төлөө Ертөнцийн Эзэнээс гуйж болно.

- Хөдөө орон нутгийн итгэгч нартай захидлаар харилцаж, урам зориг өгөх

- Хүүхдийн үйлчлэлд оролцох, тухайлбал: баярын цуглааны үеэр хүүхдүүдийг харж өгч болно.

- Ганцаардсан тахир дутуу, өвчтэй, настай хүмүүсийг эргэж тойрон тэдэнтэй нөхөрлөж, хувцас хунарыг нь угааж өгч, гэрээс гарахад нь тусалж, хараа муутай хүнд ном уншиж өгөх зэргээр тусалж болно.

- Аль нэг цэвэрлэвэл зохих газар байвал та цэвэрлэгч нь байж болно! Сүмийн контор, аль нэг цэцэрлэгийн талбай ч байсан болно.

- Ямар ч энэрлийн үйлсийг Ертөнцийн Эзэнд өргөх өргөл болгон хийж болно. Жишээ нь: айлын ногооны талбай хагалж өгөх, эмнэлэгт хэвтсэн эргэх хүнгүй хүнд хоол хийж авчрах...

- Эсийн бүлгийн удирдагчийнхаа баяр хөөр нь болж туслах ямар ч зүйл байсан түүнд туслаарай.

- Эсийн бүлэг юмуу найз нөхөдтэйгээ хамтран мөнгө цуглуулж ядуу айлд, эсвэл орлого багатай айлд шуудай гурил ч юмуу, хэрэгцээний зүйлс өгч туслах, хүүхдэд нь хичээлийн хэрэгсэл авч өгөх...

- Өөртөө буй илүү зүйлээ хав даран хадгалахын оронд хэрэгцээтэй хүмүүст өгөх...

- Есүсийн тухай тааралдсан хүн болгонд ярьж өгөх нь үйлчлэл мөн.

- Шоронд буй хүмүүс сайн мэдээ сонсох гэж тэсэж ядан хүлээж байна...

Чарльз Спержэн хэлэхдээ: “Том сүмд сургаал зааж чадахгүй байгаадаа урам хурарахын оронд айлд нэг юмуу хоёр хүнтэй ярилцаж суугаадаа сэтгэл хангалуун бай.
Өчүүхэн талбайд маш сайн буудай ургадаг. Том жижиг савны алинд нь ч адилхан амттай хоол хийж болно. Бяцхан тагтаа агуу их мэдээг зуун авчирч чадна. Бяцхан гөлөг хүртэл хулгайч руу хуцаж, эзнээ сэрээж, байшин гэр орныг аварч чадна. Оч бол гал. Үнэнийг агуулсан нэг өгүүлбэрт мөнхийн жаргал багтдаг. Хийж буй бүхнээ зөв зохистой, нягт нямбай хий. Үүнийг үнэн зүрхнийхээ угаас гуйж, үр дүнг нь Мөнхийн Эзэнд даатга.”

Ертөнцийн Эзэний төлөө бидний чин сэтгэлээс хийсэн ямар ч зүйл хэзээ ч талаар өнгөрөхгүй нь баталгаатай шүү.
1Коринф 15:58-г уншаарай.

 

“ГУЙЛТЫН СТРАТЕГИ” (Хайртай хүмүүсийнхээ төлөө хэрхэн гуйх вэ? (2)

March 17, 2009

Гуйлт бол Ертөнцийн Эзэнд ганц хоёр үг хэлэх төдий зүйл биш ээ. Иймээс та Есүсийн заасан ёсоор гуйгаарай.
Матай 6:9-15: “Ер бусын ертөнцөд оршигч агуу Эцэг минь. Таны нэр дээдлэн хүндлэгдэх болтугай. Таны Хаант улс ирж, Таны хүсэл ер бусын улсад биелдэг шигээ энэ дэлхий дээр ч бас биелэх болтугай. Өнөөдөр бидэнд хэрэгтэй талхыг минь өгөөч. Бидний эсрэг гэм хийж өртэй болсон хүмүүсийг бид уучилдгийн адил Та бидний гэмийн өрийг бас уучлаач. Биднийг уруу таталтын хүчинд автахгүй байлгаж, адгийн муу ёрын сүнснээс авраач” гэж гуйгаарай. Учир нь, өөрт чинь муу юм хийсэн хүнийг уучлах юм бол, Ер бусын Эцэг чинь та нарыг бас уучлах болно. Харин бусдын гэмийг уучлахгүй бол, Эцэг чинь та нарын гэмийг бас уучлахгүй.”

“Их Эзэний заасан гуйлт”-ыг нь зүгээр нэг цээжлэх гуйлт биш, харин эрэмбэ дараатай гуйлт гэж ойлгож болно. Эхлээд бид Ертөнцийн Эзэнийг магтаж, дараа нь Ертөнцийн Эзэний хүсэл биелэгдэхийг, тэр хүслийг нь бид биелүүлэх талаар гуйна. Улмаар, хүслээ тодорхой харуулахыг Түүнээс гуйгаарай. Тэгээд сүнсийг чинь сэргээж, бие махбодын чинь хэрэгцээг хангахыг гуйж болно. Үүний дараа Ариун Сүнс хийсэн гэмийг чинь илчлэн харуулж, улмаар гэмээсээ буцаж буй таныг ариутгаж өгөхийг гуй. Түүний хамгаалалтыг өөртөө болон гэр бүл, эд хөрөнгийнхөө дээр гуйгаарай. Тэгээд Их Эзэний өмнө таны авчрах гэж буй төөрсөн хүн та хоёрын дунд саад байгаа эсэхийг ил харуулахыг гуй /Жишээ нь: өшиж хорсох сэтгэл, уур хилэн, бардам зан/.
Олж мэдсэн бүхнээ Их Эзэнд илчлэн хүлээж, Түүний цусаар арилган уучлалыг нь ав. Тэгээд, тэр хүнд хэрэгтэй зүйл, ялангуяа аврал, ба саад болж буй бусад хана хэрмийг нурааж өгөхийг гуй. Эцэст нь Ертөнцийн Эзэнд талархан магтаж дуусгаарай.

-Өөр хүнтэй хамт гуйлт хий: Маарх 6:7, Дэлгэрэнгүй хууль 32:30, Иоган 8:17, Еврейчүүдэд 11:37
Болж өгвөл гэрийнхээ нэг хүнтэй эсвэл ханьтайгаа хамт гуйлт хийгээрэй. Утсаар ярихдаа ч гуйж болно шүү дээ!

-Библийн ишлэл ашиглан гуйлт хий:
1Тесалоник 2:13 “Бид Ертөнцийн Эзэнд талархсаар байдаг. Учир нь, та нар биднээс сонссон Ертөнцийн Эзэний үгийг хүний үг биш, харин Ертөнцийн Эзэний үг хэмээн хүлээж авсан. Та нарын хүлээж авсан үг үнэхээр Ертөнцийн Эзэнийх мөн бөгөөд итгэсэн та бүхний амьдралд нөлөөлж байдаг.”

-Гуйлтаар дамжин Ертөнцийн Эзэний хуяг дуулгыг өмс.
Эфэс 6:10-12,18 Ер бусын тулаанд орохын өмнө үүнийг заавал хийгээрэй.

-Тогтмол, шургуу шалж гуйдаг бай /Яахооб 5:16/
Завгүй болсон гээд гуйлтаа зогсоож болохгүй! Гуйлтаараа яг ялалт байгуулдгийн даваан дээр дайсан таныг гуйлт хийх завгүй болгохыг хичээдгийг анхаараарай.

-Өдөр бүр гуйлт хийх тогтмол цаг, газрыг товло.
Анхаарал сарниулах зүйл хамгийн бага гардаг газар, цаг мөчийг сонго.
Есүс гуйлт хийхийн тулд олон удаа хүнгүй зэлүүд газарт ганцаархнаа очдог байв. Матай 26:36

-Гуйлтын жагсаалт юмуу дэвтэр хэрэглээрэй.
Цагаа сайн ашиглаж, гуйх хүмүүсийнхээ төлөө нарийн гуйхын тулд гуйлтын тэмдэглэл, төлөвлөгөө хэрэглээрэй. Тэдний онцгой хэрэгцээний төлөө гуй. Ертөнцийн Эзэний үгүйсгэхийн аргагүй хайрыг бодитой харж болох тэдний онцгой хэрэгцээ юу болохыг зөгнөн харуулахыг Ариун Сүнснээс гуй. /Хавахуух 2:2, Яирмайх 30:2/
 

Хайртай хүмүүсийнхээ төлөө хэрхэн гуйх вэ? (1)

March 3, 2009

Бид хайртай хүмүүсийнхээ төлөө ИТГЭЛЭЭРЭЭ гуйх хэрэгтэй. Итгэл гэдэг зүгээр нэг үнэмшихээс хавьгүй хүчтэй эд юм. Итгэл бол Ертөнцийн Эзэний Үгэнд бат зогсоно гэсэн үг. Ертөнцийн Эзэний Үг бол Библид бичигдсэн бүх үгс, мөн Ариун Сүнсний танд хэлдэг үг юм.

Еврейчүүдэд 11:6-д “Итгэлгүй хүнийг Тэр хэзээ ч таашааж үзэхгүй. Учир нь, Түүнтэй харилцаатай болохыг хүссэн хүн мөнхийн чанарыг нь хүлээн зөвшөөрч, хожим Түүнээс ер бусын шагнал авна гэдэгтээ заавал итгэх хэрэгтэй.”
Ром 10:17-д хэлсэнчлэн, Ертөнцийн Эзэний үгийг сонсож байх үед итгэл төрдөг. “Сонсож байх үед” гэдэг нь өнгөрсөн биш, одоо цаг юм. Та доорх хэдэн “гуйлтын сэдэв”-ээр хайртай хүнийхээ төлөө гуйхдаа ишлэлүүдийг нь ашиглан, Ертөнцийн Эзэний Үгээр зэвсэглэж дайсан руугаа дайраарай. Ийнхүү Ертөнцийн Эзэний үгийг гуйлтандаа ашиглахад итгэл чинь улам батжих болно. Адгийн муу ёрын сүнс Есүсээр гэм хийлгэхийг оролдох үед Их Эзэн маань бидэнд үлгэр жишээ үзүүлсэн шүү дээ. “...гэж Түүний сургаалд бичсэн байдаг” гэж хэлэхдээ Есүс ялалт байгуулдаг байв. Үүнийг Луух 4-р бүлгээс уншиж болно.

Гуйлтын сэдэв:

Тэдний нүдийг нээж өгөхийг гуйх нь:
Үйл явдал 26:17б-18: “Тэдний нүдийг нээж, харанхуйгаас гэрэл рүү хийгээд адгийн муу ёрын сүнсний хүч чадлаас Ертөнцийн Эзэн рүү хандуулахын тулд Би чамайг тэдэн рүү илгээж байна. Тэгвэл тэд гэмийн уучлалыг хүлээн авч, Надад итгэсэн итгэлээрээ цагаадсан хүмүүсийн дунд байраа эзлэх болно.”

Тэдний зүрх сэтгэлийг нээж өгөхийг гуйх нь:
2 Тимот 2:25-26: “Их Эзэний зарц хэрэлдэх ёсгүй. Харин ч хүн бүрт найрсаг хандаж, юм заах чадвартай, тэвчээртэй байх ёстой. Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүст зөөлөн даруу хандаж үнэнг ойлгуулах хэрэгтэй. Ертөнцийн Эзэн гэмээсээ бүрмөсөн буцах боломжийг тэдэнд олгоход нүд нь нээгдэж, тэд үнэнийг ухаарч, өөрийг нь олзолсон адгийн муу ёрсын сүнсний урхинаас мултарна гэсэн бат найдвараар Их Эзэний зарц үүнийг хийх ёстой.”

Ром 12:2: “Өөрийгөө энэ дэлхийн хэв магт нийцүүлэхээ боль,
харин ухаан бодлоо шинэчлэн байж өөрчлөгдөгтүн. Тэгвэл та нар Ертөнцийн Эзэнийи тааламжтай, төгс төгөлдөр сайн хүслийг шалгаж мэдэх чадвартай болно.”
Ертөнцийн Эзэний хүсэл бол таны зөв гэж бодсон зүйл чинь биш. Таны хайртай хүмүүст юу хамгийн сайн болохыг Ертөнцийн Эзэн мэднэ!
1 Иоган 5:14-15: “Бид Ертөнцийн Эзэний хүсэлд нийцэх зүйлийг гуйвал Тэр сонсох бөгөөд биднийг юу ч гуйсан Тэр сонсдогийг бид мэдэх тул гуйсан юмаа авсан гэдгээ бас мэднэ. Энэ бол Ертөнцийн Эзэнээс юм гуйхдаа бидний бат итгэлтэй байдгийн шалтгаан юм.”

Тэдний зүрх сэтгэлд навтрах үүд хаалгыг Ертөнцийн Эзэн нээж өгөхийг гуйх нь:
Холосас 4:3-6: “Бидний төлөө гуйж байгаарай. Шоронд орж гав дөнгө зүүсний минь шалтгаан болох Есүс Христийн тухай ер бусын нууцыг бусдад тунхаглан дамжуулахаас минь өмнө Ертөнцийн Эзэн хаалга нээж өгөх талаар гуйгаарай. Авсан үүрэг даалгаврынхаа дагуу энэ сайн мэдээг тодорхой тунхаглахын минь төлөө гуйгаарай. Гадны хүмүүст ухаалаг хандаж бай! Ямар ч боломжийг ашиглаж сур. Үг яриагаа үргэлж хүндэтгэл төрүүлэхүйц, давсаар амталсан мэт байлгагтун. Тэгвэл та нар хэнд ямар хариу өгөхөө мэдэх болно.”
 
 
Make a Free Website with Yola.