Хоньчид ба бид

December 7, 2009

“Их Эзэн элчээрээ юу тунхаглуулсныг үзье. Бэтлэхэм рүү явцгаая гэж хоньчид хэллээ. Тэд төдөлгүй Бэтлэхэмд очиж, малын тэвшинд хэвтэж буй хяүх хүү болон дэргэд нь суугаа Марь Яосиф хоёрыг үзэв... Үүний дараа тэд хүүхдийн тухай ер бусын элчийн үгийг бусдад ярьж мэдээг тараав.”


Та Есүсийн мэндэлсэн түүхийг уншсан бол дээрх ишлэлийг санаж буй биз ээ. Харин та хоньчдод тохиолдсон явдлыг төсөөлж үзсэн үү? Үүнийг эргэцүүлэн бодоход, бидний амьдралд үнэхээр ойр санагдсан. Аврагч Эзэн мэндэлсэн чухал мэдээг хамгийн түрүүнд эгэл жирийн тэр хоньчид сонссон билээ. Тэдний хувьд агуу тэр шөнө ердийн адил эхэлсэн биз ээ. Тэд Бэтлэхэм хотын хавьд хээр талд хонио хариулж байжээ. Гэтэл гэв гэнэт Ертөнцийн Эзэний элч нар шөнийн харанхуйг нэвт гэрэлтүүлэхэд эргэн тойронд хурц гэрэл гийж, “Бүү ай. Энэ шөнө та нарын Аврагч Эзэн мэндэллээ. Саяхан мэндэлсэн тэр аврагч бол Ертөнцийн Эзэний илгээсэн бидний Их Эзэн билээ” гэх дуун болхи бүдүүлэг тэр эрчүүдэд сонсогдов. Үүнийг сонссон тэд эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хонин сүргээ орхиод Аврагч Эзэнийг олохоор замд шуудран гарчээ. Тэд Ертөнцийн Эзэний үгэнд итгэсэн юм
! Ертөнцийн Эзэн Өөрөө хүн болж төрсөн нь дэндүү гайхалтай санагдсанаас өөр юу ч тэдэнд чухал байсангүй. Тэд Аврагч Эзэн дээрээ заавал очих хэрэгтэй байлаа! Тэд Есүстэй учраад чухам юу болсныг бид мэдэхгүй. Ямар ч л байсан тэндээс явахдаа тэд огт өөр болж, үзсэн гайхамшгаа хаа сайгүй ярьжээ. Тэгэхдээ, “хөөрхөн хүү Есүс” юмуу, эцэг эхийнх нь ядуу хоосны тухай яриагүй, харин ер бусын элчээс сонссоныхоо дагуу хүн төрөлхтөний Аврагч, орчлон ертөнцийн Хаан Эзэний тухай тэд бусдад зарлажээ.

Эцэст нь тэд хонин сүрэг дээрээ буцаж очсон. Тэдний амьдрал урьдын адил хүнд бэрх, шөнө нь урьдын адил тас харанхуй. Гэвч зүрх сэтгэлд нь гэгээ орсон тэд үзсэн, сонссон бүхнийхээ төлөө Ертөнцийн Эзэнийг магтаж явжээ!

Таны хувьд Христийн мэндэлсний баярын утга учир юу вэ? Есүс таны Аврагч Эзэн мөн үү? “Энэ шөнө, та нарын Аврагч Эзэн мэндэллээ” – ер бусын элчийн энэ үг хүн бүхэнд хамаатай. Бид Есүсийн тэвшний дэргэд, бас Түүний загалмайн доор очих ёстой. Тэнд л жинхэнэ өөрчлөгдөнө. Тэнд л гэм буруу маань арилж, айдас маань замхарч, бид жинхэнэ баяр хөөр, эрх чөлөө, сэтгэлийн амар тайванг олдог билээ.

Олон хүмүүс жинхэнэ амар тайван, амьдралын утга учрыг хайж явдаг атлаа тэр бүхнийг өөрийг нь бүтээсэн Эзэнээс эрдэггүй. Учир нь Түүнийг дагахын тулд гаргах золиос дэндүү их мэт санагддаг. Тиймээс ч үүний оронд тэд хоосон сэтгэл, утга учиргүй амьдралтайгаа зууралдахыг илүү дээр гэж үздэг. Үүнийг Америкийн яруу найрагч Эрнест Хэмингуэй ийн илэрхийлжээ: “Би ямар ч цахилгааны эх үүсвэргүй, зай нь дууссан радио шиг туйлын түгжигдмэл орчинд амьдардаг...” Юутай аймшигтай эмгэнэлт байдал вэ!

Айдас хүйдсээр дүүрэн, амар тайван үгүй хүн Ертөнцийн Эзэнийг дэргэдээ байгааг даан ч анзаардаггүй. Тийм хүмүүс амьдралын Эх Сурвалжийг олохын тулд тэр хоньчдын үлгэр жишээг дагаад Аврагч Эзэний мэндэлсний сайхан мэдээг бусдад түгээцгээе!

Та бэлэн үү?

 

Үл мэдэгдэх хулгайч

June 1, 2009
Америкийн дундаж гэр бүл долоо хоног тутам 49 цаг зурагтаа асаалтай байлгадаг юм. Гэтэл эцэг эхчүүд нийтдээ долоо хоногт дунджаар 39-хөн минутыг хүүхэдтэйгээ хэрэгтэй юм ярихад зарцуулдаг байна. Мэдээж, энэ дунджаар авсан тоо бөгөөд айл болгон адил биш. Энэ бол америк гэр бүлээс авсан статистик баримт юм. Харин би таныг гэр орныхоо талаар ганц хором бодож үзэхийг хүсч байна. Телевизийн өмнө өнгөрөөдөг цаг чинь таны хань, үр хүүхэдтэйгээ ярих цагаас хэтэрдэг үү? Таны хүүхдийн зурагт үзэж өнгөрөөдөг цаг нь тэр ч байтугай тантай нэг өрөөнд хамт зурагт үзэж байгаа гэсэн тантай хамт байгаагүй цаг юм. Бид үүнийг ухаарсан ч ухаараагүй ч, зурагт бол үр хүүхэдтэйгээ хамт байх үнэтэй цагийг маань дээрэмддэг хулгайч юм. Телевизийг муу гэж хэлээгүй. Тийм ээ, энэ бол маш ашигтай хэрэгсэл. Гэсэн ч сайтар хянаж байх ёстой. Эс тэгвээс амархан жолоогоо алдах болно. Өнөө үед телевизээр үзчихээр ашигтай зүйл ховорхон байдаг. Хэзээ зурагтаа унтрааж, үр хүүхэдтэйгээ илүү үр бүтээлтэй зүйл хийх вэ гэдгээ ялгаж мэдэхийн тулд бидэнд хувийн сахилга бат хэрэгтэй байдаг. Эцэг эх нь үр хүүхэдтэйгээ зууралдан хичнээн олон цаг хамт байна, төдий чинээ хүүхдүүдийн бусадтай харилцах, болон сэтгэл санаа, хичээл номд гарах бэрхшээл, мөн хар тамхи, архи хэрэглэх, гэмт хэрэгт оролцох, гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орох нь илүү бага байх хандлагатайг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Юутай урамтай вэ! Иймд дараагийн удаа та зурагт үзэхийн оронд хүүхэддээ ном уншиж өгч, хамт хөзөр тоглож, салхинд алхах эсвэл, ердөө л юм ярилцаж яагаад болохгүй гэж. Та магадгүй “чухал” нэвтрүүлэг үзэлгүй өнгөрч болох юм. Гэвч амьдралд аль нь илүү чухал билээ? Үр хүүхэд үү? Эсвэл кино үзэх үү?
 

4-р сарын 12: Христийн Дахин Амилсны Баяр боллоо...

April 4, 2009
Есүс Христийн дахин амилсны баярыг тохиолдуулан нэгэн хүүхдийн хичээлийн багш баярын билэгдэл болгон ямар нэгэн зүйл авчрахыг хүүхдүүдээс хүсчээ. Баярын өдрөөр хүүхэд болгоны авчирсан юмыг багш бусдад үзүүлэн утга учрыг нь тайлбарлажээ. Нэг хүүхдийн авчирсан бяцхан цэцгийг аваад багш Есүсийн дахин амилснаас үүдэлтэй шинэ амьдралын тухай ярив. Өөр нэг хүүхэд хадаас гаргахад багш Есүсийг загалмай дээр цовдолсон хадаасын тухай ярив. Бас нэг хүүхэд Есүсийн булшийг тагласан үхэр чулууг төлөөлөх жижиг чулуу авчирсан байжээ. Харин нэг хүүхдийн авчирсан бяцхан хайрцгийг нээтэл дотор нь юу ч байсангүй. Багш нь үүнийг хараад гайхахад, нүүрэнд мишээл тодруулсан хүү: "Миний хайрцаг хоосон, яг л Есүсийн булш шиг" гэж тайлбарлажээ.

Тийм ээ, бидний Аврагч Эзэний булш хоосон! Олон зууны өмнө амьдраад нас барсан биш, харин өнөөдөр ч амьд Аврагч бидэнд бий!
Есүс Христийн хоосон булш бидний өмнөөс загалмай дээр өргөсөн өргөлийг нь Ертөнцийн Эзэн хүлээн авсныг баталдаг билээ. Бидний хийсэн бүхий л муу муухайг Тэр Өөртөө авч, шийтгэлийг нь Өөрөө эдэлсэн шүү дээ. Есүсийн энэ золиосын үндсэн дээр Ертөнцийн Эзэн бидэнд цоо шинэ амьдрал өгөхийг хүсэж байна. Энэ бол арай сайжруулсан өнөөх л хуучин амьдрал биш, харин цоо шинэ, гайхалтай хангалуун дүүрэн, мөнхийн амьдрал юм.

Хэрэв та энэ шинэ амьдралыг хараахан аваагүй бол тэр загалмайн өмнө ирээч. Өөрийгөө Ертөнцийн Эзэний өмнө буруутай, Түүний оноосон шийтгэл зөв шударга болохыг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд Ертөнцийн Эзэний энэрэл өршөөлийг гуйж, Есүст өөрийн амьдралаа тэр чигээр нь, байгаагаар нь өг. Яг тэр мөчид та Есүсийн ачаар гэмгүйд тооцогдох бөгөөд Есүс Христийг үхлээс амилуулсан тэр хүч чадал таныг ч гэсэн шинэ амьдралд оруулна.

Тийм ээ, бидний Аврагч Эзэн амьд! Тэр биднийг гэж амьдардаг. Есүс яг одоо Ертөнцийн Эзэн-Эцгийн баруун гар талд суугаад Өөрийн хүмүүсийн төлөө байнга учирлан гуйдаг (Ром 8:34, Еврейчүүдэд 7:25). Энэ үг надад маш их урам зориг өгдөг. Та бод доо: Есүс Өөрөө таны төлөө зуучлан гуйж байна. Яг одоо Тэр гуйж байна. Цаг ямагт гуйдаг! Олон хүмүүс "том пастор"-аар гуйлгах дуртай. Яагаад ч юм, тэр том пастор нь Ертөнцийн Эзэнтэй илүү ойр дотно мэт санагддагаас тэр биз ээ. Гэхдээ Ертөнцийн Эзэний хажууд залран, таны өмнөөс учирлан гуйхын тулд амьд явдаг тийм агуу Анд нөхөр танд бий шүү!

Хэрвээ Есүс Христ намайг гэж амьдардаг юм бол... би ч бас Түүний төлөө амьдаръя! Цаг үргэлж надтай хамт явна гэж амласан Түүний гараас атгаад би юунаас ч айх аюулгүй дагана. Та нар минь бас хамт яваач!

Христийн дахин амилсан баярын мэндчилгээгээр та бүхэнтэй мэндэлье:
    "Их Эзэн дахин амилсан - Тэр үнэхээр дахин амилсан!"



"Онцгой баасан гаригаас болж та айж ичих зүйлгүйгээр өнгөрснөө эргэн харж чадна. Дахин амилсны баяраас болж та ирээдүйг айх аюулгүй угтаж чадна."
 

Бусдын үг яриаг сонсох эсэх нь

March 21, 2009
Бидний асуудлын ихэнх нь үг ярианаас болдог. Энэ талаар надад тус болдог нэг асуулт бий: “Чи яах гэж энэ үгийг сонсоод байгаа юм бэ?”
Дараагийн удаа та хүний хэлсэн үгээс болж шаналахдаа энэ асуултыг сэтгэл зүрхэндээ чимээгүйхэн эргэцүүлж бодохыг танд зөвлөе.
Ялангуяа утга учиртай сайн юм хийхийг хичээж эрмэлзсэн хүн төдий л удалгүй эргэн тойрныхоо хүмүүсийн хэл амны бай болдог. Тийм үед бат тууштай байж, бусдыг хайрлах сэтгэл, амар тайвнаар дүүрэн цааш явахад Их Эзэн танд туслах болтугай. “Зүрх сэтгэл минь бат тууштай. Өө, Ертөнцийн Эзэн минь, сэтгэл минь бат тууштай шүү. Тандаа би магтаалаа өргөн дуулнам.” (Дуулал 57:7)

Их Эзэнийхээ царай өөд ганц л удаа харах юм бол сэтгэлийг маань шархлуулан хэлсэн тэр үгийг бодох бодол маань хөх тэнгэр дэх бяцхан үүл мэт замхран одох болно. Харин одоохондоо нүдээрээ хараахан олж хараагүй Түүнийгээ харахад энэ ямар байх бол оо?
 

Баяр хөөрөөс суралцахуй

March 17, 2009
Та даваа гаригаас эхлэн өөрт чинь инээмсэглэл авчирсан бүх зүйлийг тэмдэглэн бич.
Тухайлбал: хүүхдийн хичээл дээр хүүхдийн хэлсэн хариулт, гэрэл цацруулан мандах нар, найзтайгаа утсаар ярьсан, орой үдэш телевизээр үзсэн ядмагхан хошигнол, уншсан сайн ном, хайртай хүн, гэрийнхэнтэйгээ оройн хоол идсэн, ширээний теннис тоглосон, шөнө сайхан унтаж амарсан гэх мэт.
Өдрийн тэмдэглэлээ өдөр өдрөөр нь хөтөлж, унтахын өмнө санаж байгаа бүхнээ жагсаан бич.

Долоо хоногийн сүүлээр, жагсаасан зүйлсээ эргэж хараад, өөртөө дараах асуултыг тавиарай.
-Эдгээрийн чухам юу нь надад инээдтэй байв?
-Би яагаад илүү их, юмуу илүү бага инээж болоогүй вэ,
-Бусдыг инээлгэхийн тулд би дараагийн долоо хоногт юу хийж болох вэ?
-Би юугаар Ертөнцийн Эзэнийг инээлгэх вэ?

 

Хүн анх бий болоход...

March 3, 2009

Гэдсэн доторх хүүхэд, 4 сартай (хөөрхөн байгаа биз?!)

“Сэтгэлийн минь гүнд орших далд нууц бүхнийг Та бүтээж, эхийн минь хэвлийд намайг бүрэлдүүлсэн. Сүрдэж бишрэм гайхалтайгаар бүтээгдсэнийхээ төлөө талархан би Таныгаа магтъя. Бүтээл бүхэн тань гайхамшигтайг би маш сайн мэднэ. Тэр далд газарт урлан бүтээхдээ бие махбод минь Танд нууц байсангүй ээ. Газар дэлхийн гүнд бүрэлдэхэд минь төгс хэлбэрээ олоогүй биеийг минь Таны нүд харсан. Надад оноогдсон амьдралын минь бүхий л өдрүүдийн нэг нь ч эхлээгүй байхад Таны номд бүгд бичигдсэн байжээ…” (Дуулал 139:13-16)

Үр тогтох үед 200-500 сая эр бэлгийн эсээс зөвхөн ганц нь өндгөн эстэй нийлсээр шинэ хүн бий болж ирээдүйн бүх онцлог нь (үс, нүдний өнгө, хөлийн хэмжээ, оюуны чадвар, биеийн өндөр, зан чанар…..) тогтдог. Үр тогтсон эс бүхэн хосгүй. Яг ийм өвөрмөц онцлог, шинж чанартай хүн урьд өмнө хэзээ ч байгаагүй, бас дахин хэзээ ч давтагдахгүй.

Та бод доо. Сая сая боломж дундаас Ертөнцийн Эзэн зөвхөн таныг сонгон авч онцгой хүн болгон бүтээсэн. Тан шиг хүн энэ дэлхий дээр өөр хаа ч үгүй!

Эхийн хэвлийд дөнгөж 10-21 хоногтой бяцхан үр хөврөл алимны үрнээс ч өчүүхэн байхдаа зүрх нь цохилж эхэлдгийг та мэдэх үү?
1,5 сартайдаа 1 грамм жинтэй бяцхан хүүхэд дөнгөж 1,5 см урт боловч эрхий хуруу нь хэдүйн бүрэлдчихсэн, тэр ч байтугай хуруугаа хөхөж чаддаг!
Биднийг ийм өчүүхэн байхад өөр хэн ч хараагүй боловч Ертөнцийн Эзэн харж хамгаалдаг байсан.

Таныг эхийнхээ хэвлийд олдохоос ч өмнө Ертөнцийн Эзэн таньж мэдээд Өөр лүүгээ дуудсаныг та мэдэх үү?
“Эхийнхээ чинь хэвлийд бүрэлдүүлэхээс ч өмнө Би чамайг мэддэг байсан. Төрөхөөс чинь өмнө би чамайг Өөрийнхөө ажилд зориулсан...” (Яирмайх 1:5)
Тэрээр та бид хоёрыг бүр орчлон ертөнцийг бүтээхээсээ ч өмнө сонгосон гэж бодохоор бүр ч гайхалтай байгаа биз! Бид Түүний хүүхдүүд болж, Түүнийг алдаршуулах амьдралаар явах нь Түүний дуудлага юм.

Ертөнцийн Эзэн яагаад биднийг ийм онцгойд тооцдог вэ? Яагаад бидэнд ийм их анхаарал тавьдаг вэ?

Ертөнцийн Эзэн хүнийг анх бүтээхдээ бусад амьтдаас онцгойлон Өөртэйгээ олон талаар адил төстэй бүтээжээ. Нэг ёсондоо бид Түүний дүр төрхийг тээж явдаг гэсэн үг. Бид Түүнтэй адил бодож, шийдэх чадвартай, мөн сэтгэлийн хөдөлгөөнтэй. Ийнхүү Ертөнцийн Эзэн биднийг Өөртэйгээ төстэй бүтээх болсны учир нь, Тэрээр хүмүүс бидэнтэй нөхөрлөхийг хүсдэг.

Мөн, Малаахин 2:1-5д Ертөнцийн Эзэн Өөрийн гэсэн хүүхэдтэй болохыг хүссэндээ гэрлэлтийг бий болгосноо тайлбарладаг. Энэ бүхнээс харахад, энэ хорвоод төрсөн, төрөөгүй бүх хүн Түүнийх! Таны хүүхэд Ертөнцийн Эзэнийх гэдгийг та мэдэх үү? Ах дүүс, анд найз, дургүй хүн чинь, мөн өнөөдөр тантай гудамжинд тааралдсан танихгүй хүмүүс бүгд л Ертөнцийн Эзэнийх гэдгийг мэдэх үү? Тэр хүн Есүст итгэдэг, үгүй нь хамаагүй – энэ хорвоо ерөөсөө тэр чигээрээ Бүтээгч Эзэн нь болох Ертөнцийн Эзэний өмч юм.

Тэгвэл Ертөнцийн Эзэний өмч болох хүнд, тэр тусмаа Түүний дүр төрхийг (хичнээн бүдэг харагдлаа ч) тээж яваа хүнд хэрхэн хандвал зохих вэ?
Та бод доо. Монгол улсын ерөнхийлөгчийн хүүхэдтэй та хэрхэн харьцах вэ? Эцгийг нь бодоод тэр хүүхдийг хүндэлж, аль болох сайхан хандах буй заа. Үүнчлэн та Ертөнцийн Эзэнийг бодоод тааралдаж буй хүн бүхэнтэйгээ хүндэтгэлтэйеэ харьцвал зохино!

Ертөнцийн Эзэн хэлэхдээ: “Ядуусыг даралдаг хүн өөрийнхөө бүтээгч Эзэнийг басамжилж байгаа хэрэг. Харийн Түүнийг хүндэлдэг хүн ядууст элэгсэг ханддаг.” (Сургаалт үгс 14:31, МБН)
Үүнчлэн хүүхдээ хараадаг хүн Бүтээгч Эзэнийг нь бас хараадаг. Эцэг эхдээ худлаа ярьдаг хүн Бүтээгч Эзэнд нь бас худал хэлдэг. Бусдад муухай зан гаргадаг хүн Бүтээгч Эзэнд нь бас муухай аашилж буй хэрэг.

Иймээс ч Библид: “Дэргэдээ буй нөхөртөө хайргүй хүн, хэзээ ч хараагүй Ертөнцийн Эзэнийг огт хайрлаж чадахгүй” гэсэн үг бий (1 Иоган 4:20).

Ертөнцийн Эзэнээс хүн нэг бүрт өгсөн агуу үнэ цэнийг бид ухаарч, Пуулийн хамт: “би одоо хэнийг ч энэ дэлхийнхний нүдээр хaрaхaa больсон” гэж хэлж, Есүст хандаж буй мэтээр бусадтай харцъя.

Есүс: “Та нар миний сонгосон хамгийн дорд хүнд ч болтугай үүнийг хийж өгсөн бол надад хийж өгсөнтэй адил.” (Матай 25:40, МБН)





Гэдсэн доторх хүүхдийн орчин үеийн ехо зураг (9 сартай)
 

Та баян болохыг хүсдэг үү?

March 3, 2009



Харин би хүсдэг шүү. “Баян” гэж хэлэхэд ихэнх хүмүүс шууд мөнгөний тухай боддог боловч мөнгө төгрөгөөс илүү үнэтэй олон баялаг бий. Есүс биднийг: “Ертөнцийн Эзэний зүйл дээр баян” байх хэрэгтэй гэж хэлжээ. Би үүнийг уншаад, Ертөнцийн Эзэн юугаараа баян байдгийг Библиэс хайгаад Түүнийг өршөөл энэрэл, хайр ивээлээр баян, мөн яруу жавхлангийн баялагтай болохыг олж мэдсэн. “Сайн үйлс, итгэлээр баян бай” гэж Их Эзэн маань бидэнд хэлснийг бас мэдсэн. Гэтэл Пуулийн хэлсэнчлэн, хичнээн сайн үйлс хийж, хичнээн их итгэлтэй байлаа ч, бидэнд хайр байхгүй бол энэ бүхэн юу ч биш ээ. Тэгвэл Ертөнцийн Эзэний хувьд хамгийн том баялаг бол хайр мөн биз ээ. Иймд, энэ жил би сайн үйлс, итгэл, мөн энэ бүхнээс илүү хайраар баяжих хүсэлтэй. Ертөнцийн Эзэнийг, бас хүмүүсийг улам их хайрламаар байна.

Их Эзэнийг яаж хамаг зүрх сэтгэл, оюун санаа, хүч чадлаараа хайрлах вэ? Зүрх сэтгэл бол бидний гол цөм юм. Миний зүрх сэтгэл хэний төлөө, юуны төлөө цохилдог вэ? Цэцэгс нар луу ханддагийн адил миний зүрх сэтгэл үргэлж Их Эзэн рүү хандсан байгаасай. Хүмүүс бид оюун санаагаараа бодож, сэтгэж, төлөвлөдөг. Харин би хэний тухай, юуны тухай бодож явдаг вэ? Хайрт Эзэнээ цаг үргэлж бодолдоо тээж явдаг хүн болъё, би.
Би хэний төлөө, юуны төлөө хүч чадлаа зориулдаг вэ? Ертөнцийн Эзэний Хаант улсын төлөө юу? Эсвэл, би өөрийнхөө хаант улсыг байгуулах гэж зүтгэдэг үү? Юуны өмнө Ертөнцийн Эзэний Хаант улсыг эрмэлзэж, “хаант улсын бодол санаатай” болох нь миний хүсэл...

Ертөнцийн Эзэнд зориулсан миний хайр Түүний дүр төрхийг тээгч хүмүүст хэрхэн ханддагаас минь тод харагддаг гэж Библид бичсэн. Бид чинь Ертөнцийн Эзэнийг хайрлахын зэрэгцээ бусдыг хайрлахад дуудагдсан хүмүүс шүү дээ. Харин Рич Мүллинсин хэлсэнчлэн: “Ертөнцийн Эзэн биднийг бусдыг хайрлагч байхаар дуудсан атал бид олон удаа өөрсдийгөө “аврагч” гэж ойлгодог. Тийм учраас бид бусдыг “үр дүн” гаргасан үед л “хайрладаг”. Харин хайр үзүүлсний хариуд хүмүүс хүссэнээс маань ондоо байх юм бол бид өөрсдийгөө буруутгаж, заримдаа бүр хайртай гэж үздэг хүмүүстээ дургүйцэх хандлагатай байдаг. Мэдээж, бид хүнийг хайрладаг учраас түүнийг гэм, муу муухайгаас чөлөөлөгдөөсэй гэж хүсдэг. Ийм хүсэл буруу биш гэдэг нь ойлгомжтой. Харин заримдаа бидний хайр, хичээл зүтгэл хайрладаг хүнийг маань эдгээхгүй байж болно. Тэглээ гээд тэдний хайнга, үл тоосон байдал нь хайрын бодитойг үгүйсгэдэггүй шүү дээ...”

Бидний харуулдаг хайр энэрэл, уучлал өршөөлийг мянган удаа тоолгүй өнгөрөөсөн ч, бид тэр хүнийг хайрласаар байхад дуудагдсан. Бидний Эзэн Өөрийг нь ойшоодоггүй хүмүүсийн дээр хичнээн удаа нар мандуулж ивээсэн билээ дээ? Өнгөрсөн хэдэн мянган жилийн өглөө бүр буюу сая сая удаа биз дээ. Тэгвэл бүгдээрээ Түүн шиг хайраар баян, өгөөд өгөөд дундрашгүй арвин их хайртай болцгооё. Их Эзэн маань тэр хайрыг таны зүрх сэтгэлд асгахад хэзээд бэлэн байгаа шүү.
 

АЖИЛ ХИЙВЭЛ ДУУСТАЛ ДАВС ХИЙВЭЛ УУСТАЛ!

March 3, 2009

“Ямар ч юмыг эхэлсэн бол дуусга. Хүн аливаа ажлыг оргилуун хүслээр хийж эхэлснээ гэнэт залхаж больдог. Эсвэл, буруу төлөвлөсөн гэж үзээд больдог. Ингэлээ гээд, гаргасан хичээл зүтгэлээсээ ухарч шантрахыг л сурдаг. Магадгүй та: ”үүнийг хийх хэрэг алга” гэж хэлэх биз. Тийм байж болно, гэхдээ ТАНД хэрэгтэй шүү. Үүнд л хамаг учир нь байна. Эхэлсэн ажлаа дундаас нь зогсооход шалтаг мундахгүй. Намайг хамгийн анхны машинаа бүтээх үед хөөрч догдолсон урам зориг маань гэнэт унтарсан. Учир нь, илүү сайн машин яаж хийхийг би хэдүйн мэдэж авсан тул болихыг их хүсч байлаа. Гэвч би өөрийгөө шахаж дайчилсаар эхний машинаа дуусгахдаа хоёр дахь машиныхаа талаар бүр ч их зүйл сурснаа мэдэрсэн. Хэрвээ би анхны машинаа дуусгалгүй бууж өгсөн бол хоёр дахийг нь бас болих байсан биз. Юмыг дундаас нь орхидог хүний ухарч шантрах зуршил нь улам хүчтэй болж, бүхнийг дахиад эхнээс нь эхлэхэд хүрдэг. Бид зорилгодоо хүрч чадаагүй ч цааш зүтгэсээр байх юм бол улам хүчирхэг болно. Харин дундаас нь боливол зориг мохож сул дорой болдог. Хийж байгаа зүйлээ дундаас нь болих нь амархан шантардгийг харуулж буй хэрэг.”
Хэнри Форд (зохион бүтээгч)

 

“Энэ уул чинийх байх болно...” Ешуугаа 17:18

March 3, 2009
Картаг хотын алдарт жанжны тухай түүх:
Тэр жанжин цэргүүдээ Альпийн нурууны нэгэн уулын бэлд цугларахыг тушаажээ. Тэгээд сүрлэг өндөр оргилууд руу зааж: “Энэ уулсын цаана Итали орон бий” гэжээ. Нарлаг, үзэсгэлэнт Итали орон тэдний мөрөөдөл бөгөөд тэднээс баатарлаг, шийдэмгий эр зоригийг шаардсан их уриалга болжээ. Энэ уулс зоригт цэрэг эрсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Гэлээ ч мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэд энэ уриалгыг хүлээн авч, хэцүү бүхэнтэй нүүр тулан, амь өрсөхөд бэлэн болов уу?
Жанжин оргилд хүрэн замд учрах аюул ослыг тэднээс нуугаагүй ч, хүнд бэрх замын эцэст тэднийг хүлээж буй уудам тэнгэрийн хаяа, байгуулсан гавьяаныхаа төлөө хүртэх алдар хүндийн талаар ч бас өгүүлжээ.
Цэргүүдийн зарим нь хайр найргүй хатуу ширүүн тэмцэлтэй тулахаас халширч, шагнал авах онцгой эрхээ үл тоомсорлон, хөндий талын хялбар амьдралыг эрхэмлэн гэр лүүгээ буцжээ. Харин олонх нь бүтээх гэж буй зоримог үйлсдээ бэлдэв. Алсын хараатай болсон тэд өндөр оргилд авиран гарч, зорьсондоо хүрэхээр хөндийн өргөн замыг орхих болсондоо сэтгэл дүүрэн байлаа. Өдрөөс өдөрт тэд зүдэргээтэй бэрх замаар эгц цавчим хад асга өөд авирч, өлсөж ядран, доройтон гэлдэрсээр л...

     
Шинэхэн цасан дээрх цусан дуслууд туулсан замыг нь гэрчилнэ. Ноорхой хувцастай, өлсөж даарсан хэдий ч эцэстээ тэд Альпийн нурууны хамгийн өндөр оргилд хүрч, тэнд тугаа хатгалаа. Тэдний дор сүглийх гэтэлж баршгүй өндөр уулсыг өтгөн үүлс эмжих ажээ. Эргэн тойрон дахь уулсын оргил мандах нарны сүр жавхлант гэрэлд туяаран гийнэ. Өмнө нь ногоон талд гялалзах усан оргилуур, улаан буудайн талбай, жимсний цэцэрлэг налайсан Итали орон! Тэд Альпийн нурууны чанадад орших мөрөөдлийнхөө улсад хүрч чаджээ.
- “Уулсын харуй”-гаас
 

Хэрвээ та Пэтрийн оронд байсан бол...

March 3, 2009

Хэрвээ та Пэтрийн оронд байсан бол, усан дээгүүр алх гэж Есүсийг дуудахад яах вэ?

Салхи ширүүсч, догшин хар давалгаа өндөрт давалгаалах үед та Түүний уриалгыг дагах байсан уу? Эсвэл хэврэг завиныхаа аюулгүйд найдаад тэндээ хоргодох байсан уу?

Мөнхийн Эзэний Хүү өнөөдөр ч та бид хоёрыг бие даасан амьдралынхаа завийг орхиж, Өөртэй нь хамт итгэлтэй алхахад дуудаж байна!

Олон хүн Пэтр шиг итгэлийн анхны алхмаа шууд хийдэг боловч өдөр тутмын амьдрал дахь давж гаршгүй мэт асуудлаа хараад сэтгэл хирдхийм айдсын өндөр давалгаанд хөл алдан живдэг. Яагаад?!

Их Эзэнд найдвараа тавьдаг хүмүүст зориулсан амлалтаар Библи дүүрэн юм. Эдгээр амлалтаа төгс биелүүлэх чадвар Их Эзэнд маань алга гэж үү? Бидний эзэн Ертөнцийн агуу Эзэн биз дээ! Түүний Үг оддыг байранд нь тогтоодог. Түүнийг хараагүй байхад ганц ч бор шувуу газар унадаггүй. Амьдрал бүхэлдээ Түүнээс хамааралтай. Тэр бол бүх юмсын эх үндэс билээ. Тэгвэл хүн бидний өчүүхэн бэрхшээл Түүнд дааж давшгүй бэрх гэж үү?!

Хэдхэн жилийн өмнө надад Их Эзэнийхээ найдвартайг туршиж үзэх агуу боломж гарсан. Хүү мань төрөх шөнө түүнийг гаргасан “Эх баригч” нь Их Эзэн Өөрөө байсан. Давид хаан бичсэнчлэн: “Та намайг эхийн хэвлийгээс гаргаж өгсөн...” (Дуулал 22:9)

Бид хариуцлагаа ухамсарлаж, энэ шөнийн төлөө их бэлтгэсээн. Эсэн мэнд төрж, эрүүл хүүхэд төрүүлэхэд зайлшгүй чухал тэжээллэг хоол идэж, салхинд гарч, дасгал хийж, ойр зуурын хэрэгцээний юм цуглуулж... Мөн бид төрөхтэй холбоотой олон зүйл судалсан: хүүхдийн хүй хүзүүг нь ороосон бол яах вэ? Хүйгий нь хэрхэн таслах вэ? Эх нь хэт их цус алдвал яах вэ? Ихэсийг нь яах вэ? Хүүхэд шууд амьсгалахгүй бол яах вэ? гэх мэт олон асуултын хариуг олсон.

Гэхдээ хамгийн гол нь, бид найдвараа Их Эзэндээ тавьсан. Тэр Өөрөө эхийн хэвлий дэх хүүхдийг бүтээсэн бөгөөд тэр хүүхдийн төлөө, мөн манай гэр бүлийн төлөө ямар нэг төлөвлөгөөтэй гэдэгт бид итгэдэг. Иймээс бид хүүхдээ болон өөрсдийгөө Ертөнцийн Эзэний гарт даатгасан.

Төрөх гэдэг өвчин биш бөгөөд эмэгтэйчүүдийн 95 гаруй хувь нь ямар ч осол бэрхшээлгүй төрөх чадвартай боловч дэргэд хэн байх, ямар орчинд төрөхөөс шалтгаалан заримдаа бэрхшээл гарч, эх хүүхэд хоёрын аль нэг нь эндэх юмуу нас бардаг нь үнэн. Харин Ертөнцийн Эзэн бүхнийг захирдаг нь ч бас үнэн. Бид бүхэн Түүний гарт байна. Үхэл, амьдрал ч мөн Түүний гарт бий.

Иймд, бид “төрөхийн мэргэжилтэн”-гүйгээр гэртээ төрсөн боловч санаа зовохгүй байж чадсан. Жирэмсэн байхдаа “яана аа, би хүүхдийнхээ чихийг яаж бүрэлдүүлж сонсголтой болгоно оо? Зүрхийг нь яаж цохилуулах вэ?” гэж санаа зовох хэрэггүйн адил бүрэлдэж гүйцсэн хүүхдийг хэрхэн төрүүлэх талаар ч мөн санаа зовох шаардлагаггүй. Энэ бүхэн Ертөнцийн Эзэний хийх гайхамшигт ажил бөгөөд Ертөнцийн эмх цэгцтэй Эзэн нэгэнт эхэлсэн ажлаа заавал дуусгадаг шүү дээ (Филипой 1:6).

Их Эзэн маань бидний энэ итгэлийг өгөөмрөөр шагнасан: Шөнө дунд базалж эхлээд, төдий л удалгүй дүлмээр санагдаад хоёрхон цагийн дотор хав хар үстэй, цав цагаан царайтай хүү маань аавынхаа гар дээр төрсөн. Эгч ах хоёр нь хажууд нь байж шинэ дүүгээ энэ дэлхийд тосож авсан. Сониноос, шинэхэн хүүгийн маань хүй зангилаатай байсан. Хүй гэгч маш бөх эд (зургаан настай эгч нь хайчилж дийлээгүй) учраас энэ бэрхшээл биш ээ... Хүүхэд гарсны дараа ихэс гарах ёстой байв. Хүүгээ хөхүүлэх зуураа ямар урт үс, хөл, хуруутай, юутай төгс бяцхан биетэйг нь гайхшран хоёр цаг хорин минут хүлээсний эцэст ихэс нь гарсан (сүүлд босоод алхсан маань их тус болсон). Их Эзэн мандтугай!

Ирээдүйд биднийг юу хүлээж байгааг бид мэдэхгүй. Бидэнд олон сайхан баяртай зүйл тохиолдохын хажуугаар гүн ангал мэт хэцүү асуудал ч гарч ирэх тохиолдол байдаг. Гэвч хичнээн доошоо унасан ч, бид хэзээ ч Ертөнцийн Эзэний тосох алганаас доош унах боломжгүй. Эргэн тойронд хар салхи догшрон үлээлээ ч, Түүний алган дээр амар жимэр, аюулгүй байдал бий. Францын сургаал заагч Доминик Лакордайрын хэлсэнчлэн, “Хэрвээ Ертөнцийн Эзэн далай юм бол, онгоц минь сүйрэх надад юухан байх вэ дээ!”

Ирээдүйд юу ч болсон хамаагүй, миний хувьд “...намайг эхийн хэвлийд байсан цагаас Та миний Ертөнцийн Эзэн билээ.” (Дуулал 22:10)

Харин та, онгоц чинь сүйрэх шахсан ч өөрийгөө Ертөнцийн Эзэний агуу их мутарт даатгахад бэлэн үү?

“Ертөнцийн Эзэнийг үг хэлэх болгонд Мөнхийн жаргалт Улс энэ дэлхийд хүрч хил хязгаараа тэлдэг.

Харин би Ертөнцийн Эзэн рүү хандан тусламж гуйх тусмаа өөрийн боломжийн уйтан хязгаарыг давдаг.”

Ханна Ааренс

 
 
Make a Free Website with Yola.