Христмас баяраар төрсөн хүү

December 2, 2009
1642 онд Англид Есүсийн мэндэлсэн өдрийн үүрийн үнэгэн харанхуйд хоёр эмэгтэй нэгэн тариацны гэрээс гүйн гарчээ. Тэд сарны туяанд цан хяруу гялтганасан тариан талбайгаар яаран өнгөрөхдөө ийш тийш ихэд сэрэмлэн харна. Иргэний дайн эхэлж, шөнийн дээрэмчид энд тэндгүй хэрэн хэсүүчилж байсан цаг... Тэд зэргэлдээх харшид очиж хатагтай Пакенхамыг сэрээн босгожээ. Тэр шөнө дөнгөж төрсөн хүнд өвчтэй хүүхдэд эм авахаар тэд ийн явжээ. Тэдний нэг нь: “ийм хүүхэд энэ хорвоод яаж олигтой явах вэ дээ? Түүний эцэг нь 2 сарын өмнө өнгөрсөн, эх нь ядуу. Дээр нь дайн тулаантай, хахир хатуу өвлийн цаг байдаг” гэж гаслав. Хариуд нь нөгөө эмэгтэй нь: “Гэвч тэр Христмас баяраар төрсөн хүүхэд шүү дээ! Мөнхийн Эзэний мутар түүнд онцгой юм бэлдсэн нь гарцаагүй.” Тэгээд тэд яаран буцаж өвчтэй хүүхдэд эм авчирчээ. Гэрийнхэн нь тэр бяцхан хүүгийн төлөө гуйлт хийв. Харин олон хөрш нь жаал хүүг тэсэхгүй үхнэ байх гэж боджээ. Гэвч бяцхан Исаак Ньютон амьдралынхаа анхны Христмас баярын өдрийг давж дөнгөсөн бөгөөд удалгүй хүч тэнхээ орон өсч торнисон юм.

Урьд хождын суутнуудаас хамгийн агуу суу билэгтэн хэмээн олонтаа тодорхойлогдсон энэ агуу зохион бүтээгч-эрдэмтний амьдрал ийн эхэлжээ. Исаак бардамнаж сайрхана гэдгийг мэддэггүй, номхон, төлөв даруу хүн байсан бөгөөд шинжлэх ухааныг нээн судлах хайгуулынх нь эх үндэс, сонирхол нь болсон Библийг унших хорхойтой байжээ. Библид үндэслэсэн түүний мэдлэг нь энэ хорвоо болон орчлон ертөнц нь эмх цэгцтэйгээр барахгүй туршилт хийн судалвал зохих хуулиудад захирагддагийг ойлгож ухаарах боломжийг түүнд өгчээ. Энэ нь түүнийг Кэмбрижийн их сургуульд ноёрхсон, шинжлэх ухааны хөгжлийг саатуулагч эртний грекийн алдаатай гар бичмэлийг няцааж, шинжлэх ухааны түүхэнд хувьсгал гаргасан туршилтуудаа хийхэд нь нөлөөлжээ.

Исаак гэрэл ба таталцлын хүчний талаарх үндсэн нээлтүүдээ хийж, 27-хон настайдаа Кэмбрижийн их сургуульд математикийн профессор болж, төрд парламентийн гишүүнээр алба хашиж, зоос цутгах үйлдвэрийн сахиул байхдаа улс орныхоо зоосны хоцрогдсон системийг эрс сайжруулсан гавъяатай билээ. Тэрээр эх орондоо шинжлэх ухааны анхны хэргэм зэргийг хүртэж агуу хүндэтгэл хүлээсэн хүн юм. Түүнийг нас нөгчихөд шарилыг нь Уэстминстерийн цогчин дуган дахь эзэн хаанд зориулсан бунханд тавьжээ.

Исаак Ньютон төрсөн өдрөөрөө амьд үлдэх аргагүй мэт байсан ч, түүнд зориулсан агуу төлөвлөгөө Ертөнцийн Эзэнд байсны адил таны амьдралд ч бас Түүний агуу төлөвлөгөө бий! Исаак Ньютоны нандигнадаг байсан Библийн үндсийг та өөрийнхөө амьдралын үндэс суурь болгоорой. Тэгвэл та ч бас Ертөнцийн Эзэний гараар хийгдсэн бүхний эмх цэгц, гоо үзэмжийг өөрийн амьдралдаа нээн олох болно.
 

Есүс миний дутууг гүйцээдэг

November 29, 2009
Би Улаанбаатар хотод төрж өссөн. Мэдээ орохоосоо авахуулаад би аавыгаа мэддэггүй, ээж, ах дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг байсан. Би тийм ч муу зуршилтай хүүхэд байгаагүй. Харин ямарваа зүйлд их нухацтай ханддаг, тухайлбал, хүн надад “чи энэ ажлыг муу хийсэн байна” гэвэл яг юун дээр яасан юм бол?, яах ёстой байсан юм бол? гэх зэргээр тунгаан бодож, шүүмжлэл, магтаалыг хүлээж авдаг байв.

1995 онд би Дарханы ТИС-д суралцахаар Дарханд ирсэн. Манай ангид Есүст итгээд жил гаруй болж буй Зүүнхараагаас ирсэн Дашка гэдэг охин байв. Тэр бид 2 их дотно найзууд болж, тэр надад Есүс Христийн тухай анх ярьж, сүмд очихыг урьсан юм. Найз маань надад Есүс Христийн тухай их ярьдаг байсан нь их тээртэй санагдаж, заримдаа би дургүйцэж, сонсохоос ч төвөгшөөдөг байлаа.
Нэг удаа Дашка:
-Маргааш хоёулаа сүм рүү явах уу? гэхэд нь би: “Олон удаа яриад байдаг юм. Хийх юмгүй юм чинь маргааш сүмд нь очиж үзье” гэж бодоод зөвшөөрсөн.
Би сүм рүү явахдаа “Есүсийнхэн юу ярьж, юу заадгийг сонсьё” гэсэн бодолтой очсон. Сүмийн хаалгаар ороход хүмүүс намайг найрсгаар угтаж, гар барихад надад их сонин санагдсан. Бас магтан дуу, сургаал нь дажгүй санагдсан. Энэ бүхнээс би Есүсийн сүмд ямар нэг гаж юм олж анзаараагүй. Шашин гэж бодож байсан бодол маань өөрчлөгдсөн ч, энэ бүхэн надад тийм ч их нөлөөлөөгүй бөгөөд Есүст итгэх бодол төрөөгүй.

Удалгүй 1-р курсын хагас жилээр Дашка сургуулиас гарч, Зүүнхараа руугаа буцах болов. Энэ богинохон хугацаанд бид их дотносож, сайн найзууд болсон байлаа. Бид дахин хэзээ уулзахаа мэдэхгүй тул “заавал сүмд очоорой” гэж аминчлан гуйсан түүний гуйлтыг биелүүлнэ гэдгээ би амласан юм.
Түүнээс хойш бид уулзалдалгүй удаж би 1996 оны хаврын нэг өдөр зургаа үзэж суугаад найздаа “за, сүмд очноо” гэж амласнаа санасан. Тэгээд амласнаа биелүүлэхээр нэг найзынхаа хамт сүмд очиж, Сүрээш гэдэг Америкийн Энэтхэг хүнтэй танилцав. Тэр хүн надад Есүс Христийн тухай ярьж, Библи (Шинэ Гэрээ) бэлэглэсэн. “Шинэ Гэрээ”-ний нүүрэн дээр бичсэн, “Би бол хорвоогийн гэрэл, Намайг итгэн дагасан хүний амьдрал гэрэлтэй болно” гэсэн ишлэл миний анхаарлыг их татсан.

Гэхдээ “Хэн өөрийгөө ингэж хорвоогийн гэрэлтэй зүйрлэдэг байна аа. Тэр гэрэл чинь агуу зүйл. Тэгээд өөрийг нь итгэж дагасан хүн бас тийм гэрэлтэй болно гэх юм. Ямар хүн өөрийгөө ийм юмтай зүйрлэдэг байна аа” гэж бодсон.

Тэгээд би Түүний тухай улам их мэдэхийг хүсч сүмд явж эхэлсэн. Сүм дээр заагддаг сургаалуудаас би их зүйл ойлгож, Есүс амьдралын жинхэнэ үнэнийг ярьдгийг олж мэдсэн. Тиймээс би Есүсийг амьдралдаа урин оруулж, өөрийн гэрэл гэгээ, Аврагч Их Эзэнээ болгон хүлээж авсан.

Түүнээс хойш би өдий хүртэл сүмд явахдаа Есүсийн ариун амьдрал, шударга зан чанар, бусад хүмүүсийг болон миний амьдралыг хэрхэн өөрчилж, итгэл найдвар өгч буйг мөн энэ харанхуйн төөрсөн амьдралд хэрхэн гэрэл гэгээ болж буйг олж харсан. Түүний баяр хөөр, амар тайван миний амьдралын хэцүү үе бүхэнд надтай хамт байдаг.

Би Есүс Христэд итгэдэг итгэлээрээ үргэлж бахархдаг. Хэзээ ч харамсахгүй ээ. Тэр миний хэзээ ч хэлж дуудаж үзээгүй аавын минь оронд Аав болсон. Тэр үргэлж намайг сонсдог нь миний дутууг гүйцээж өгөх шиг санагддаг. Амьдралын ямар ч үед Түүнтэй хамт алхах хичнээн сайхан болохыг хараад, мөн миний төлөө амиа хүртэл өгснийг нь ойлгоод би Түүнд улам их хайртай болсон. Би Есүст хайртай!

- Г. Оюунтуяа
 

Урам зориг хайрлагч Барнаб

June 1, 2009
Барнаб хэмээх нэр “Тайтгарлын хүү” буюу “Урам зориг хайрлагч хүү” гэсэн утгатай. Энэ нэр түүний зан чанарт гойд тохирсон тул Кипр арлын Яосээф хэмээх Лээв овгийн хүнд төлөөлөгч нар энэ нэрийг хайрлажээ. Барнаб урам хайрлах авъяас билгээ олонтаа ашигласныг бид мэднэ. Тухайлбал, Сири улсын Антиох хотын еврейчүүд, грекчүүдийн сүмийг эргэж тойрохоор явах үедээ тэр “тэднийг хамаг сэтгэл зүрхээрээ Их Эзэнд үнэнч хэвээр үлдэхэд нь урамшуулж байжээ.” /Үйл явдал 11:23/. Барнаб Антиох хотын сүмийн зөнч, багш нарын нэг /13:1/, мөн төлөөлөгч /14:4/ байжээ. Тэр бусадтай сайн мэдээг хуваалцан, тэднийг цаашид зааж сурган, энэ үйлчлэлд бусдыг татан оролцуулахын төлөө зүтгэдэг байв. Пуулийг Есүст итгэсэнд хамгийн анх итгэж, уулзсан хүн Барнаб байлаа. Тэрээр Пуулийг хайж Тарс хот руу явж, түүнийг Антиох хотод авчирч, бусдад зааж сургадаг үйлчлэлээ хуваалцжээ.

Түүхэнд Ариун Сүнсний илгээсэн хамгийн анхны Христчин миссионерээр Пуулийн хамт явсан хүн бол Барнаб байлаа. Пууль, Барнаб хоёр Кипр арал болон Бага Азийн хэд хэдэн мужаар явсан энэ аялалдаа хурлын танхимд еврейчүүдтэй ярилцаж, иудей бус хүмүүст Есүсийн тухай тунхаглаж, хавчлага зовлонг тэсвэрлэж, грек бурхдын адил шүтэгдэх шахаж, шинэ байгуулагдсан сүмүүдийн ахлагч нарыг томилж, тэдний төлөө гуйлт хийх зэргээр бүхнийг хамтдаа хийж байжээ.

Барнаб зоригтой /13:46/, номхон даруу /14:14-18/, бас өөрийгөө дэмжин амь зуухын тулд нөр хичээнгүй зүтгэн ажилладаг хүн байжээ /1Коринф 9:6/.
Барнаб хүмүүсийн араас санаа тавьж, тэдэнд хоёрдогч боломж өгдөг байжээ. Бид үүнийг эхний аялалд нь туслахаар хамт явсан боловч удалгүй больж орхиод явсан Иоган Маархын түүхээс мэднэ. Барнаб түүнд дахин боломж өгөх гэсэн боловч Пууль тэгсэнгүй. Ширүүн маргалдсаны эцэст үүнийг ихэд чухалчлан үзсэн Барнаб Пуулиас салж, Иоган Маархын хамт үйлчлэлээ цааш үргэлжлүүлжээ. Барнабын ийн сэтгэл тавин зүтгэсэн нь талаар өнгөрсөнгүй: Хэдэн жилийн дараа Иоган Маарх шоронд Пуулийн хамт хоригдож /Холосас 4:10/, Пууль түүнийг хэрэгтэй хүн /2Тимот 4:11/, хэмээн үнэлсэнийг бид мэднэ.
Өгөөмөр нинжин сэтгэлтэй /4:36-37/, хүний итгэл даадаг /11:29-30/, өөр олон сайн чанар Барнабт байлаа. Барнаб “Ариун Сүнс ба итгэлээр дүүрэн сайн хүн байжээ” /11:24/

“Христ та нарыг хүлээж авсан шиг та нар бие биенээ хүлээн ав” /Ром 15:7/. Бид хүлээж авбал зохих хүмүүс биш байтал Христ биднийг хүлээж авсан. Иймд бид хүний итгэл даадаггүй, хүлээн авамгүй хүмүүсийг хайрлан хүлээн авах хэрэгтэй. Барнаб ч мөн Пууль, Иоган Маарх нарыг ийм байхад нь хүлээн авсан билээ. Тэр тэднийг гар сунган хүлээн авч, нөхөрлөн, тэдэнд итгэж найдан, тэднийг хайрлаж, ойлгон урамшуулдаг байжээ. “Бие биедээ урам хайрлаж, нэг нэгнийгээ хайраараа тэтгэн хөгжүүлэх”-ийг Ертөнцийн Эзэн бидэнд тушаасны адил /Тесалоник 5:11/, бүгдээрээ Барнабын үлгэр дууриалыг дагацгаая.
Бид “Урам зориг...хайрлагч Ертөнцийн Эзэн” болох Есүсийг дагахдаа бүгдээрээ урам хайрлагч хөвгүүд, охид болох болтугай /Ром 15:5/.
 

“Ертөнцийн амьд бодитой Эзэнд хүчин зүтгэнэ гэдэг нэр төрийн хэрэг.”

May 28, 2009

Би анх 1992 оны 12-р сарын 25-нд сүмд ирээд миний амьдралын үнэ цэнэ, утга учрыг таниулсан Есүс Христийн тухай сонсож мэдсэн. Тэр үед би маш олон асуултын хариуг хайж байсан бөгөөд удалгүй Есүс Христийг улам илүү таньж мэдсэнийхээ дараа хайж байсан бүх асуултынхаа хариуг олж мэдсэн юм. Тиймээс Ертөнцийн Эзэний тухай үнэн баримтууд намайг бишрүүлж, би Түүнд итгэн, Есүсийг өөрийн амьдралын Эзэн, Аврагч болгохоор шийдэж Түүнийг амьдралдаа урьж оруулсан.

Тэр үед би дунд ангийн сурагч байлаа. Сургуульд орсон цагаасаа эхлэн амжилттай сурч, багш нартаа хайрлагдан, олон сайн найз нартай болсон. Мөн гэрийнхэнтэйгээ хамт байх их дуртай, тэдэндээ маш их хайртай байв. Ер нь гаднаас нь харвал, миний амьдрал амжилттай сайхан байсан. Би жаахан байхдаа бусад охидын адил байгальд дурлаж, гоё цэцэгс түүж, эрвээхий хөөцөлддөг нэгэн байлаа. Тэгэж явахдаа яагаад ч юм дотроо “энэ бүхэн анх яаж эхэлсэн юм бол? Үүнийг хэн бий болгосон бол?” гэж битүүхэн сонирхон боддог байв.

Би 8 настайдаа машинд дайруулсан ч, золоор ямар ч муу юм болоогүй. Харин түүнээс хойш, хүн хөгшрөхөөрөө л үхдэг гэсэн явцуу бодол маань өөрчлөгдөж, би жаахан хүүхэд боловч тэр үед машинд дайруулаад үхэж болох байсан гэж бодон хүн үхвэл яах бол, хаашаа очдог бол? гэсэн асуултын хариуг байнга хайж эхэлсэн. 90-ээд оны эхээр улс орон маань зах зээлийн системд орж, хүмүүсийн амьдрал хэт доройтсон. Энэ бүхнээс би шударга байдлын тухай бодож эхэлсэн юм. Зарим хүмүүс шударга ч ядуу амьдардаг, тэгээд үхдэг. Харин зарим хүмүүс шударга бус аргаар их хөлжиж, мөн л адилхан үхдэг. Үнэндээ сайн, муу хүн ялгаагүй бүгд л үхдэг болохоор олон хүний итгэдэг “амьдрал үхлээр төгсдөг” гэсэн үзэл надад худлаа юм шиг санагдаж эхэлсэн юм. Энэ надад шударга санагдаагүй. Хүмүүс яаж амьдарсан хариуцлагаа үүрэх ёстой гэж би бодож байлаа. Тиймээс амьдрал үхлээр төгсдөг гэдэгт би огт итгээгүй.

Хэрэв амьдрал үхлээр төгсдөггүй бол цаана нь өөр юу байдаг бол? Энэ мэтчилэн хариулт хүссэн олон асуулт намайг маш сүсэгтэй буддын шүтлэгтэн болгосон. Энэ шашин надад маш их таалагдсан. Сайн охин болж, буян их үйлдэх тухай надад заадаг болохоор би сайн хүүхэд болох гэж байдгаараа л хичээдэг байв. Гэхдээ нэг зүйл надад их сонин санагдсан: Би мянга хичээсэн ч буруу зүйл хийдэг байсан. Тэгээд эмэг ээжээсээ сонссоноор, үйлдсэн нүглээ цайруулахын тулд цээжилсэн мааниа дахин дахин давтаж уншсан боловч би л байдгаараа хичээгээд байгаа болохоос нөгөө талаас ямар ч нөлөө байхгүй байгааг би анзаарсан. Тийм учраас энэ шашинд сэтгэл дундуур болсон. Энэ шашин надад хайж явсан үнэ цэнэ, утга учир, амар тайван, баяр хөөрийг өгөөгүй.

Нэг өдөр найз маань хамтдаа сүмд очъё гэж надаас хүсэхэд, би юу ч мэдэхгүй хэрнээ түүний ярьж байгаа зүйлийг үгүйсгэж, няцааж байсан ч сайн найзыгаа гомдоохгүй гэсэндээ хамт сүм рүү явахаар болов. Тэнд нэг өвөөгийн яриа миний бодлыг орвонгоор нь эргүүлж, би Есүсийн тухай илүү ихийг мэдэхээр шийдсэн. Тэр өвөө урьд нь бурхан буддаг шүтдэг байсан бөгөөд мөн л надтай адил энэ шашинг их энэрэнгүй гэж боддог нь надад их таалагдаж, тэр өвөөгийн яриаг би ихэд анхааралтай сонссон. Дургүй хүндээ ч юмуу, гомдсон, үзэн ядсан хүндээ хараал хийдэг зүйл энэ шашинд байдгийг илчилсэн нь миний уурыг их хүргэж би “тэгээд юу гэж? Тэглээ ч гэсэн энэ шашнаас илүү сайн, энэрэнгүй зүйл байдаг гэж үү” гэж омгорхон бодож байлаа. Гэтэл нөгөө өвөө маань, “Есүс ямар ч буруу зүйл хийгээгүй жинхэнэ ариун, төгс хүн байсан. Тэр Өөрөө бусдад үлгэрлэж чадсан учраас Түүний заадаг сургаал буддагийн сургаалаас ч илүү энэрэнгүй, ариун, “дайснаа хүртэл өрөвдөн хайрлах тухай, өөрт нь муу зүйл хийсэн хүнийг өрөвдөн уучлах тухай” байдаг гэж хэлсэн. Үүнээс би “хамгийн энэрэнгүй, хамгийн сайн нь” гэж бодож дагадаг байсан шашнаас маань ч илүү сайн, энэрэнгүй Эзэний тухай олж мэдэхээр шийдэж, төдөлгүй хэдхэн сарын дараа урьд нь хайж байсан бүх асуултынхаа хариуг олж мэдсэн юм.

Есүсийн тухай үнэн надад “жинхэнэ үнэн” санагдсан учраас би Түүнд итгэж, итгэлээрээ Түүнийг амьдралдаа урьж оруулсан. Хамгийн гайхалтай нь, Тэр миний хайж явсан амар тайван, утга учир, баяр хөөрийг надад жинхэнэ утгаар нь өгсөн бөгөөд Есүсээс болж би их урам зоригтой, итгэл найдвараар дүүрэн амьдрах болсон.           

Одоо 15 гаран жил өнгөрсний дараа ч, Түүний надад өгсөн баяр хөөр, амар тайван, итгэл найдвар хэзээ ч дуусаагүй бөгөөд амьдралын ямар ч асуудлын дундуур Тэр надтай хамт гарч, намайг үргэлж урамшуулж байсан. Хэрэгтэй үед Тэр миний амьдралд гайхамшиг хийж, миний урмыг их сэргээж, миний гуйлтыг үнэхээр анхааран сонсдогоо надад баталж, миний олон мөрөөдлийг биелүүлсэн.                                                                 Тэр үнэхээр бодитой, амьд Эзэн. Түүнд үйлчлэн зүтгэнэ гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг болохыг би улам бүр мэдрэх болсон юм даа. Би өөрийнхөө Амьд Мөнхийн Эзэнээр бахархдаг. Ертөнцийн Эзэн үүрд мөнх алдаршиг!                                                                

-- Энхбаярмаа

 

Эргэцүүлэхүй: Есүсийн хажууд цовдлогдсон дээрэмчин

April 13, 2009
“Есүсийн хажууд цовдлогдсон дээрэмчний тухай бодол:
Авралыг олсон, нэр нь үл мэдэгдэх нэгэн”

…Эр хүн хэмээн өөрөөрөө бахархаж
Эр бяр нь багтаж ядах үедээ
Эрэлхэг гэдгээ харуулах гэж
Энгүй олныг түйвээхдээ
Энэ хүн юу бодож байсан бол?

…Хотлыг шуугиулсан зартай дээрэмчин
Хойно урдгүй л нэртэй болох үедээ
Нэг үхэхээс хоёр үхэх биш гэж
Нэрээ өргөн бардаж онгирохдоо
Энэ хүн юу бодож байсан бол?

…Хуулийн төсөр дөнгөд
Хар толгойгоо барьж өгчихөөд
Хатуу шийтгэл хүлээн
Хар мод үүрч явахдаа
Энэ хүн юу бодож байсан бол?

…Зэвтэй төмөр гар хөлдөө зоолгон
Загалмайд хадагдах үедээ
Залуу сайхан насаа
Замбараагүй өнгөрөөсөндөө гутрахдаа
Энэ хүн юу бодож байсан бол?

…Амьсгаа авах гэж хамаг биеэ хураан
Гурван хадаасан дээр тогтон шаналахдаа
“Ааваа, та намайг юунд орхив оо“ гэж
Хүн төрөлхтний бүх шанaллыг тээсэн Нэгний дууг сонсоод
Энэ хүн юу бодож байсан бол?

…Ташуурын ормоос урсах цус
Гуниг тээсэн хархан нүд
Тэргүүнд нь шаасан өргөст титэм
Гутамшиг болгон нүцгэлсэн биеийг харахдаа
Энэ хүн юу бодож байсан бол?

…Бүх хүн түүнийг тохуурхан шоолж
Байдаг бүхнээрээ хараах үед нь
“Ааваа, энэ хүмүүсийг уучлаач” гэхийг сонсоод
Сүр жавхлан, яруу алдарт Хаан нь
Хажууд нь цовдлогсоныг таниад
“Та намайг бодоорой” гэж хэлэхдээ
Энэ хүн юу бодож байсан бол?

…Өнөөдөр чи надтай хамт
Мөнхийн улсад орно гэх
Өгөөмөр энэрэл хайрын үгийг сонсохдоо
Энэ хүн юу бодож байсан бол?

-- С. Энхтөр
 

"Ертөнцийн Эзэн үнэхээр найдвартай"

March 17, 2009
“Үр хүүхэд бол Мөнхийн Эзэний бэлэг бөгөөд эхийн хэвлийд боловсрох үр бол Өөрийнхөө хүмүүст бэлэглэсэн Түүний шагнал юм.”  Дуулал 127:3

Бидний амьдралд Мөнхийн Эзэний хийсэн агуу гайхамшгийг бид та бүхэндээ хуваалцахыг хүсч байна. Манайх ам бүл 4. Охин Ивээлээ маань 18 сар хүрэхэд Ертөнцийн Эзэн бидэнд дахин нэг хүүхэд өгч, манай гэр бүл маш их баяртай байлаа.

Тэгтэл гэдсэн дэх хүүгээ 4 сартай байхад нь би гэнэт цус алдаж эхлэв. Эмчид үзүүлэхэд эмч бидэнд, “Ихэс нь доороо байгаа учраас энэ хүүхэд гарах боломжгүй. Эмнэлэгт яаралтай хэвтэж авахуулах хэрэгтэй” гэж хэлсэн.

Энэ үеэс бид Ертөнцийн Эзэнтэй маш шуурхай ярьж, Түүнд энэ асуудлыг даатгаж, Түүнд найдсан. Мөн бид хариуцлагатай байх ёстой тул бага зэрэг хэвтрийн дэглэм сахисан. Өдөр хоног өнгөрөх тусам гэдэс минь улам бүр томорч, томрох тусам цус алдах нь ихсэж байлаа. Гэвч Ерөнцийн Эзэн Өөрөө бидэнд энэ хүүхдийг өгсөн учраас Өөрөө харж хамгаална. Хүүхэд маань зүгээр төрөх болно гэж бид Ертөнцийн Эзэн итгэсэн.
Эмч намайг үзэх болгондоо, “Яасан аминаасаа уйдсан хүн бэ? Хэвтэх хэрэгтэй! Яг одоо авахуул! Огт барааг нь хараагүй хүүхэд ямар хамаатай юм, өөрийнхөө биеийг бодооч” гэдэг байлаа. Харин бид үүнийг хүсээгүй тул би гэртээ хэвтрийн дэглэм сахидаг байв.

Ингэж явсаар 7 сар хүрээд байтал гэнэт нэг орой бүр ихэс нь тасарч унаад, цус их алдаж эхэлсэн. Хэдийгээр Ертөнцийн Эзэнд найдаж байсан ч бид тэр үед үнэхээр их айсан. Тэгээд бид ярилцаад би эмнэлэгт хэвтэхээр шийдэж, хэрэгтэй зүйлсээ уутанд хийгээд, түргэн дуудах гэтэл утасны шугам чөлөөгүй гээд холбогддоггүй. Дэндүү орой болчихсон тул утсаар ярих газар олдсонгүй. Гэр маань эмнэлгээс их хол тул бид гэртээ үлдсэн.

Одоо эргээд харахад, энэ нь Ертөнцийн Эзэний хамгаалалт бидний дээр байсны том жишээ юм. Хэрэв бид эмнэлэгт очсон бол мэдээж хагалгаанд орох байсан. Бид шантарсан ч, Ертөнцийн Эзэн шантраагүй. Тэр биднийг үнэхээр найдвартай хамгаалан хайр энэрлээ харуулсаар, тэр явдлаас хойш бараг 3 сарын дараа 4,400 гр хүү маань эсэн мэнд төрсөн.
Энэ хооронд хүү, ихэс 2 маань зөв байрлалаа олж, би хүүгээ маш сайн, бүр зүв зүгээр ямар ч урагдал, хүндрэлгүй төрүүлсэн.

Бид хүүдээ Ерөөлт гэдэг нэр өгсөн. Учир нь Ертөнцийн Эзэн бидний амьдрал дахь хараалыг ерөөл болгон хувиргасан юм. Тэр үнэхээр найдвартай.
Бидний төлөө санаа тавин гуйж байсан бүх хүмүүст бид маш их баярлалаа. Та бүгдийг маань Ертөнцийн Эзэн өгөөмрөөр ивээх болтугай.

Ертөнцийн Эзэн бидний амьдралаар дамжин алдаршиг!
- Өнөртүвшин, Цэрэнбаяр нарын гэр бүл

 

Арга мухардсан үед Тэр намайг аварсан

March 5, 2009










Тиймээс ч би,
“Хатуу зүрх сэтгэлийн хана хэрмийг
Хайр л ганцхан нурааж чадна.
Түнэр харанхуйд тэнэж төөрсөн нэгнийг
Аврах ганц арга нь Есүс” гэж
баттай хэлж чадна...

Хүмүүс Есүс Христийн тухай анх сонсохдоо, “Аа, өнөөх харийн шашин” гэх, эсвэл “энэ чинь тэгээд надад ямар ашигтай юм бэ?”, “Үнэхээр амьдралын хэцүү асуудалд хариу өгөх юм уу?”, “Чи яаж өөрчлөгдсөн юм бэ?”, “Чиний амьдрал тэгээд өөр болов уу?” гэх зэрэг олон асуулт тавьдаг. Би яг л тэдний нэг байсан. Харин би одоо тэр асуултуудад хариу өгөхийг хүсч байна.
    Би Есүст итгэхээсээ өмнө өөрийнхөө төлөө амьдарч, хувиа хичээдэг, заавал бусдын дээр гарах гэж зүтгэдэг, бусдаар өөрийгөө хүрээлүүлж, өөрийгөө чухалд тооцуулж, хүндлүүлэх хүсэлтэй хүүхэд байлаа. Багаасаа хүмүүжил, сурлага сайтай гээд биеэ ихэд тоож, бардамнах нь энүүхэнд байв. Олон жил ангийн дарга хийсэн учир өөртөө бүр их барддаг байлаа. Яг энэ үед би хэдий бага залуу боловч амьдрал минь дотроосоо нурж байгааг, мөн ихэд ганцаардаж, зүрх сэтгэл минь нэг л зүйлийг хүсч буйг мэдэрч эхэлсэн юм. Чухам юу хүсээд байгаагаа ойлгохыг хүсэвч, хэлж мэддэггүй байв. Нэг удаа манай ангийн нэг хүүхэд намайг хамт “Есүс” кино үзье гэхэд би ямар учиртай кино болохыг асуухад, “Есүс гэдэг гадаадын шашин”-ы тухай гэж хэлсэн юм. Би харийн шашны тухай мэдэхийг ч хүсээгүй учраас түүнтэй хамт яваагүй. Сүүлдээ бүр,
        “Хараач хүмүүс ээ, хараач!
        Хаашаа ч харсан амьдрал утга учиргүй юм” гэж шүлэг бичин, ангийнхандаа уншиж өгч, бусдыг яг өөр шигээ утгагүй байдалд оруулж дагуулдаг байлаа. Хичээл хийх сонирхол минь ч буурч, хүнтэй ярих хүсэлгүй болж, найз нөхдөө хүртэл харахаас уур хүрч бухимддаг болсон. Бүх юм, миний харж байгаа, барьж байгаа юм хүртэл хуурамч юм шиг санагдаж, аливаа зүйлийн ард үлддэг үр дүнг харж гутарч эхэлсэн. Жишээ нь, би найз нартайгаа төрсөн өдөр тэмдэглэхдээ, эсвэл ямар нэг хөгжилтэй баяр наадамд оролцохдоо их дурамжхан болж, “Бид тэрхэн үедээ гоё байсан ч удалгүй дуусаад, бүгдээрээ тараад л явна. Тэгээд бахь байдгаараа өнөөх уйтгартай, утгагүй амьдрал эхэлнэ дээ” гэж боддог байв.
    Өглөө босно, хичээлдээ явна, тарна, гэртээ харина, шөнө болно, тэгээд л унтана. Нэг л хэвийн, ахин дахин давтагдаад, өглөө босохоос ч айх шиг. Дахиад л нэг утгагүй өдөр өнгөрөх юм шиг санагдаж бүр үхмээр ч юм шиг. Гэхдээ яг үхнэ гээд бодохоор маш их айж, “үхээд би хаачих бол оо?” гэж боддог байв. Нэг үе бүр орой болгон энэ утгагүй амьдралдаа харамсан орон дотроо уйлдаг байсан. Гэхдээ тэр үед, хэн нэгэн намайг хаа холоос хараад ч байгаа юм шиг сэтгэгдэл хааяа хааяа төрдөг байлаа. Би амьдрах утга учрыг зүрх сэтгэлдээ хайж эхэлсэн юм.
    Яг тэр үед минь эгч Чок Есүс Христэд итгэдэг болсон. Тэгээд нэг удаа надад: “Есүс чамд хайртай. Тэр чиний төлөө амиа өгсөн. Есүс Христ чиний зовлонг ойлгож байгаа. Чи Түүнд сэтгэлээ нээж, итгэвэл, Тэр чамд амьдралын чинь утга учрыг өгөх болно” гэхэд, Есүсийн тухай бодож байсан хуучин үзэл минь өөрчлөгдөж, “Намайг энэ мухардлаас гаргаж аврах цорын ганц арга зам Есүс Христ юм байна” гэж шууд хүлээж аваад баярласандаа өөрийн эрхгүй хоёр нүдийг минь нулимс бүрхсэн. Тэгээд би 1992.03.22-нд 7-р ангид байхдаа анх сүмд очиж, “Энэ миний байх газар яг мөн байна” гэж өөртөө шивнэж, Есүс Христийн төлөө амьдарна гэж шийдвэр гаргасан. Иоган 8:12-т Есүс Христийн хэлсэн, “Намайг итгэн дагасан хүний амьдрал гэрэлтэй болж, Ертөнцийн Эзэнийг үл мэдэгч харанхуй байдлаас салж чадна” гэсэн үг зүрх сэтгэлд минь гүн сийлэгдсэн. Үнэхээр энэ үг миний амьдралд биелсэн. Би Бүтээгч Эзэнээ таньж мэдэхийн зэрэгцээ амьдрал яагаад үүссэн, би яах гэж бүтээгдсэн утга учраа ойлгож мэдсэн. Есүс Христийн тухай үнэн миний амьдралд юу болохгүй байгааг, хаашаа явж буйг минь, миний амьдралын утга учир юу байх ёстойг надад ухааруулсан. Энэ нь бусдыг хайрлан уучилж үл чадах хатуу зүрх сэтгэл, ганцаардал, өөрийнхөө төлөө амьдрах үзэл бодлыг минь нурааж амьдралыг минь утга учиртай болгож, Есүс Христийн төлөө, бусдын төлөө амьдрах зүрх сэтгэлтэй болгож өөрчилсөн. Би амьдралыг өөр, цоо шинээр харж, амьдрах эрч хүч, урам зоригийг авч амьдрах дуртай болсон.
    Есүс надад сайхан хань нөхөр өгч, жинхэнэ ариун хурим, ариун амьдралын үнэ цэнийг ойлгуулж, зүрх сэтгэлийг минь бялхам аз жаргалаар дүүргэсэн. Би одоо амьдрах эрч хүч, урам зоригоор дүүрэн, аз жаргалтай хүн.
- Бадамхорол, Улаанбаатар
 

Жони- Ертөнцийн Эзэний ер бусын эмэгтэй болсон эгэл жирийн охин (1)

March 5, 2009











Жони Тада бол өөрт нь асар их зовлон шаналалыг авчирсан золгүй явдлаас болж Ертөнцийн Эзэний ер бусын гайхалтай эмэгтэй болсон эгэл жирийн охин юм.
Амьдрал нь эргэлт буцалтгүй өөрчлөгдсөн 17 настайдаа Жони маш цовоо, хөдөлгөөнтэй, нөхөрсөг зантай охин байв. Олдсон боломж бүрийг алдалгүй ашиглаж, өөрийн амьдралыг “завгүй” гэж тодорхойлдог тэрээр сургуулийнхаа арга хэмжээнд оролцож, морь унах дуртай байлаа. Мөн тэр зураг зурж, дуу дуулж цагаа өнгөрөөх дуртай. Туйлын бүтээлч сэтгэлгээтэй хүүхэд байв. Түүний хамгаас дуртай, тааламжтай зүйл нь усанд сэлэх байлаа. Тэр спортоор хичээллэдэг бөгөөд заримдаа яльгүй хөнгөн хуумгай байдаг ч, энэ нь хүмүүст таалагддаг байв. Тоглож наадах маш дуртай Жони сэтгэл булаам инээмсэглэлээрээ хүмүүсийг татаж, үргэлж олны анхаарлын төвд байдаг байв. Гэвч зуны нэг өдөр энэ бүхэн орвонгоороо эргэсэн юм. Жонигийн танил дасал болсон бүхэн нь гэнэт өөрчлөгдөн, дахин хэзээ ч урьдынх шигээ байхаа больжээ. Тэр өдөр Жони морио унан зугаалжээ. Маш халуун өдөр байсан тул тэр эгчийнхээ хамт усанд сэлж сэрүүцэхээр далайн эрэг рүү явжээ. Жони гүехэн усанд сэлэхийг хэзээ ч дурлаж байсангүй. Үргэлж л тааваараа сэлэх гүнзгий газар хайж явдаг байв. Энэ удаад тэр 50 метрийн цаана хөвж буй салыг олж хараад эгч Кэтийн хамт тэр зүг уралдан сэлэв. Жони саланд хүрээд дээр нь үсрэн гарснаа шууд хажуу тийш ус руу шумбажээ. Биеийг нь илбэх усны тааламжтай сайхныг мэдэрснээ гэнэт толгой нь усны ёроолын чулууг мөргөн аймшигтай хүчтэй доргив. Яг л тогонд цохиулсан юмуу хэт доргилтонд өртсөн мэт хөл гар нь байдгаараа сарвайн чанга дүнгэнэнэ. Чихэнд нь дүнгэнэсэн чанга дуу сонсдоно. Харин юу нь ч өвдөхгүй байлаа.
Жони хөдлөх гэсэн боловч усны ёроолын элсэнд нүүрээрээ шигдчихсэн тул хичнээн хичээгээд ч элснээс нүүрээ салгаж чадсангүй. Тэгэхээр нь усан дотор амьсгалаа түгжин Ертөнцийн Эзэнээс гуйгаад доош харан хөвж хүлээв.
Хором хэртэй болсны дараа усны гадаргуу дээр өөрийг нь дуудах Кэтийн бүдэгхэн сонсдох дууг тэр сонсов. Кэти сөхөрч суугаад дүүгийнхээ арчаагүй болсон биеийг өргөх гэж оролдов. Жонигийн толгойд Ертөнцийн Эзэн минь, би хэр удаан ийм байх вэ? гэсэн бодол л эргэлдэнэ. Тэгээд бүх юм харанхуйлаад явчихав....

Яг ухаан алдахын даваан дээр тэр толгойгоо уснаас цухуйлгаж эхэр татан агаар залгилав. Тэгээд Кэтигээс зуурч авах гэж дахин гараа хөдөлгөх гэсэн боловч булчин нь захирагдахаа больсон байлаа. Кэти Жониг мөрөн дээрээ үүрээд эрэг рүү сэлэв.
Жониг эмнэлэгт яаралтай хүргэхэд эмч нар тэр даруй эмчилгээнд оруулжээ. Нэг эмч урт төмөр зүүгээр хөлийг нь зөөлөн хатгаад юм мэдэрч байгаа эсэхийг асуув. Тэр юу ч мэдрэхгүй байлаа. Эмч дахин түүний гар, хуруунуудыг хөдөлгөөд юм мэдэрч байгаа эсэхийг асуув. Тэр бас л юу ч мэдэрсэнгүй. Түүний мэдэрч буй ганц газар нь мөр байсан нь өчүүхэн төдий л мэдэрч байлаа.
Жони дараагийн хэдэн долоо хоногт эмчлүүлэхдээ бие нь сайжирч, нэг л өдөр дахин хөл дээрээ босож явна гэж найдаж байв. Түүнд тэгтлээ их өвдөөд байх зовиур байхгүй бөгөөд ядаж мэдрэлийнх нь зарим гэмтсэн судал нөхөн төлжинө гэж эмч нар найдаж байлаа.
4 долоо хоногийн дараа Жони эгзэгтэй үеийг ардаа орхиж, нугасандаа мэс засал хийлгэв. Тэр маш их догдолж, энэ хагалгаа бүх зүйлийг нь засч зохицуулж, өөрийг нь дахин хөл дээр нь босгоно гэж боджээ. Гэвч тэгсэнгүй. Мэс засал юуг ч өөрчлөөгүй бөгөөд тэр мэдээ алдсан, хөдөлгөөнгүй хэвээр байлаа. Түүний биеийн байдал хойшид үргэлж ийм байх бөгөөд дахин хэзээ ч хөл дээрээ явахгүй, бас гар нь хязгаарлагдмал хөдөлгөөнтэй байх болно гэж эмч түүнд хэлжээ.

Ийнхүү Жони ослын дараа анх удаа хайр найргүй бодит үнэнг ойлгожээ. Тэр гайтай өдөр хоёрхон агшны дотор амьдрал нь орвонгоороо эргэснийг тэр ухаарчээ. Тэр дахин хэзээ ч машинаар давхихгүй, морь унахгүй, спортоор хичээллэхгүй, магадгүй бүүр болзоонд ч явахгүй нь. Одоо хэн түүнд татагдаж дурлах юм бэ? Тэр арьчаагүй амьтан болжээ. Ердөө л эмнэлгийн орон дээр гулдайн хэвтдэг бие болчихжээ. Тэр зөвхөн унтаж, амьсгалж л чадна, харин бусад бүх зүйлийг хэн нэгэн түүний өмнөөс хийх болжээ. Жони уйлж эхлэв. Тэгээд нус нулимсандаа хахаж цацаад сувилагч дуудан, цэвэрлэж арчлуулахад хүрэв. Уйлахад хүртэл түүнд бусдын тусламж хэрэгтэй болжээ...
(Үргэлжлэл бий)
Жонигийн амьдралын тухай киноны хэсэг (Жони дүрээ өөрөө тоглосон)

 

Бусдын төлөө амьдарцгаая!

March 5, 2009
Нэг профессор цэргийн ангид яриа хийхээр уригджээ. Өөрийг нь нисэх онгоцны буудалд угтаж авсан цэрэг түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. Түүнийг Ралф гэдэг ажээ. Тэд профессорын ачааг авахаар ачааны хэсэг рүү явах зуур Ралф байн байн “алга болж” байлаа. Тэр нэгэн настай эмэгтэйд ачаагаа авахад нь тусалж, хоёр хүүхдийг өргөж өвлийн өвгөний баримал харуулж, бас нэг хүнд зам зааж өгч байв. Хүнд туслаад ирэх бүрдээ тэрээр сэтгэл хангалуун инээмсэглэчихсэн ирдэг байв.

-Чи хаана ингэж бусдад туслаж сурсан юм бэ? хэмээн профессорыг асуухад
-Дайны үед гэж тэр хариулав.

Ралф түүнд Вьетнамд байсан тухайгаа ярьж өгчээ. Түүний мэргэжил нь саперчин (мина илрүүлэгч). Тэр минажүүлсэн талбайгаас мина олж аюулгүй болгодог байв. Түүний нүдэн дээр олон нөхөд нь мина илрүүлж аюулгүй болгох гэж байгаад цаг бусын үхлээр үхэж байв.
-Би хоёр алхмын хооронд амьдарч сурсан юм гэж тэр хэлээд
-Миний дараагийн алхам амьдралын минь хамгийн сүүлчийн хором байж болно. Тийм учраас тухайн мөчид хийж чадах юмаа би хийхийг хичээдэг болсон. Шинэ алхам бүр шинэ ертөнц шиг надад санагддаг гэжээ.

Амьдралынхаа алхам бүр, мөч бүрт бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө хийж чадах бүхнийг хийж амьдарцгаая.
(“Хорвоогийн Гэрэл” сониноос)

 

Цэвэр ариун байгтун!

March 5, 2009
“Энэхүү найдварыг Түүнээс олж авсан хүн бүхэн өөрийгөө Түүн шиг гэмгүй, цэвэр болгон ариутгадаг юм.” (1 Иоган 3:3)

Өмнөд Америкийн уудам бөглүү нутагт Есүс Христийг амьд Аврагч Эзэнээ болгосон нэг залуу амьдарч байв. Нэгэн удаа түүнийг Их Эзэнтэйгээ хамт алхан ярилцаж байхад нь: “Гэмгүй ариун Нэгэнтэй үргэлж ойр дотно нөхөрлөхийн тулд би өөрөө ч бас цэвэр ариун сэтгэлтэй байж, ариутган цэвэршүүлсэн амьдралаар явах ёстой” гэсэн бодол сэтгэлийг нь эзэмджээ.

Харин тэр залуу нэг шүтээнээс зуурсан байжээ!

Нэгэн өглөө тэр үүнийгээ бүрмөсөн цэглэхээр шийдэн салхинд гарч, ой модоор зугаалжээ. Тэгээд ойн цагдаагийн цавчиж унагасан, замд тааралдсан аварга том модон дээр сууж, аглаг тэр ойд гав ганцаар Ертөнцийн Эзэний Үгийг өөрийн шийдвэрийн хамт эргэцүүлэв. Урьд нь унших хориотой байсан Библийг халааснаасаа гаргаж, “Би та нарыг бузар булай бүхнээс чинь, бүх бурхан шүтээнээс чинь ариутгах болно” гэсэн мөрийг уншсан нь шийдвэр гаргах итгэлийг түүнд төрүүлжээ.

Тэр дахин халаас руугаа гараа явуулж, ихэд нандигнадаг хорт өвсөө гаргаж хайрцагтай чигээр нь гүн жалга руу чулууджээ. Тэгээд зүрх сэтгэлээ Ертөнцийн Эзэн рүү өргөж, “Их Эзэн минь ээ, намайг гадна дотоодгүй цэвэрлэн угаагаач! Намайг ариусгаач! Миний амьдралын хамгийн тансаг өрөөнд орж амьдраач! Намайг бүхэлд нь эзэмдээч!” гэж тамхи татдаг муу зуршлаасаа чөлөөлөгдөхийг хүсэн гуйжээ.

Тэгтэл ойн аниргүйн гүнээс түүний сэтгэлд хариу орж ирэв. Ертөнцийн Эзэн гуйлтыг нь үнэхээр сонссон агаад түүнийг гинжилж хорьсон бүхэн тасран унасан. Тийм учраас боол байхаа нэгэнт больж, Есүс Христтэй нэгдсэн эрх чөлөөтэй хүн болсондоо өнөөх залуу бат итгэжээ. Ийнхүү Ариун Сүнс цэвэрлэж ариутгасан сүмдээ орж ирсэн бөгөөд олон сар, жилийн турш тэр залуу их сургуулийн мянга мянган оюутнуудын дунд Есүс Христийн үнэнч итгэлтэй гэрч болжээ.

“Есүс түүний өөдөөс харан хайрласан” (Маарх 10:21).
Ямар ч гэм зэмгүй Есүс Христийн нэрийг тээж явдаг залуучууд аа!
Цэвэр ариун байгтун!


 
 
Make a Free Website with Yola.